НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар өнөөдөр Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг баталлаа. Нийслэлд цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө байгаагүйн улмаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтруулах, шилжүүлэхийн зэрэгцээ эзэнжүүлж, арчлах ажил хангалтгүй байсан юм. Тиймээс мастер төлөвлөгөөг хэрэгжүүлснээр ногоон байгууламжийг газар олголт, инженерийн шугам сүлжээ, хот төлөвлөлт, хотын ландшафт дизайнтай уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөн бий болгох, түүнийг арчлах цогц менежмент мөрдөх боломж бүрдэх юм.

Олон улсын жишгээр бол хот, суурин газрын нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дунджаар 12 ам метр байгаа юм. Харин эдүгээ Улаанбаатарын төвийн зургаан дүүргийн нэг иргэнд 0.3-4.6 ам метр ногоон байгууламж ногдож байна. Тодруулж хэлбэл, Сүхбаатар дүүргийн нэг оршин суугчид 4.6 ам метр ногоон байгууламж ногдож буй бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 0.3 ам метр байгааг албаныхан онцлов. Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлснээр дээрх үзүүлэлт 14-126.3 ам метр болж нэмэгдэх ажээ. Тус төлөвлөгөөг дөрвөн чиглэлээр хэрэгжүүлэх юм байна. Хамгийн эхэнд хууль, эрх зүйн орчныг сайжруулж, хэрэгжүүлэх оновчтой тогтолцоо бий болгох аж. Дараагаар нь хотыг цэцэрлэгжүүлэх санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бий болгохоор төлөвлөсөн байна.