Монгол Улс дэлхийн “Армийн наадам” (АрМИ)-ын зохион байгуулагч улсуудын нэг болж байгаа талаар ca-news.org цахим хуудсанд мэдээлжээ. ОХУ-ын армийн дэслэгч генерал Иван Бувальцовын хэлснээр наадмын зохион байгуулалтад хамтрах хүсэлтэй улсуудын тоо нэмэгдэж байгаа бөгөөд одоогоор Монгол, Армен, Азербайжан, Беларусь, Энэтхэг, Иран, Казахстан, БНХАУ, Узбекистан улсууд зохион байгуулалтад хамтрахаар болоод байгаа юм байна.

Армийн наадам ирэх оны наймдугаар сарын 3-17-нд болно. Манай улсын хувьд морьт цэргийн “Морьтой марафон” хэмээх тэмцээнийг зохион байгуулахаар болж байгаа аж. Тэмцээнээ манайхан Чингис хааны армийн хамгийн бага нэгж болох “Аравт”-ын нэрээр нэрлэжээ. Оролцогчид зөвхөн монгол морь унаж өрсөлдөнө. Тэмцээний бэлтгэлийг Монгол Улсад ирж хийнэ. Манай тал одоогоор 15 улсад урилга илгээгээд байгаа юм байна.