Хөдөлмөр медиа экспогийн энэ дугаарт хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулна.
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээнд:
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ
- Ажилд зуучлах
- Ажилгүйдлийн тэтгэмжид хамруулах үйлчилгээ
- Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн бүртгэл мэдээллийн систем багтдаг.
2016 онд Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээнд мөрдөх журам баталсан байдаг. Үүний дагуу Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, ажилд зуучлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн байгууллагын ажилчид ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх богино хугацааны сургалтад хамрагдан, сертификаттай болсон байхыг шаарддаг. Энэ салбарт ажиллаж байгаа хүний нөөцийг цаашид чадавхжуулахын тулд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэшсэн зөвлөхийг илүү академик түвшинд бэлдэх, магистрын хөтөлбөрийг бий болгожээ. Хөтөлбөрт Хөдөлмөрт зуучлах, зөвлөгөө мэдээлэл өгч ажилладаг төрийн байгууллагын ажилтнуудыг тэтгэлгээр сургаж байна.

Энэ төслийн талаар ХНХЯ-ны хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Энхчимэг "Улсын хөгжил иргэнээсээ, иргэний хөгжил тухайн хандлага, мэдлэг, ур чадвараас шалтгаалдаг. мэргэжил сонголт яагаад чухал вэ гэдэг асуудал өнөөдөр их яригдах болсон. Үүнийг хууль эрх зүйн хүрээнд цогцоор нь тусгаж өгөх, бодлогоор шийдэж өгөх, салбар хоорондын механизмыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэхийн тулд судалгаа мэдээллийг чанартай болгох , иргэдэд энэ үйл ажиллагааг сурталчлан мэдээлэл хүргэх зэрэг ажлууд өнөөдөр шаардлагатай болсон. Энэ хүрээнд олон улсын донор байгууллагууд буюу ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ашигт малтмалд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн санхүүжилтээр МУИС дээр "Ажил, мэргэжил, судлал" гэсэн магистрын хөтөлбөрийг нээсэн. Энэ хөтөлбөрт өнгөрсөн жил 26 магистрант суран дадлагын байрандаа гарсан. Энэ жил уг хөтөлбөрт 45 магистрант сурахаар тэнцсэнээс манай салбараас 15 хүн тэтгэлэгт харагдаад сурч байна. Хоёр жилийн туршид төр эдгээр хүмүүсийг бодлогоор дэмжих ёстой гэдэг утгаараа өнгөрсөн жил 50 сая энэ жил 30 сая төгрөгийн тэтгэлэг олгосон" гэв.

Их, дээд сургууль төгсөгчдийн 36 хувь нь, техникийн боловсролын төгсөгчдийн 60 хувь нь ажлын байртай болдог байна. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаар 55,7 хувь нь сонирхсон мэргэжлээрээ сурсан гэж хариулжээ. Үүнээс харахад их дээд сургуульд элсэхээс нь өмнө, сурагчдад ажил мэргэжлийн онцлог, давуу сул тал гэх мэт мэдээлэл өгч, цаашид ямар чиглэлээр суралцах чухал шийдвэрийг өөрсдөө гаргах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага байгаа нь харагдаж байна. Үүнтэй холбоотойгоор мэргэжил.мн-ийг бий болгожээ.

Хөдөлмөр зуучлах ажлыг эрчимжүүлэхийн тулд хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээлэл, нэгдсэн сан үүсгэх нь чухал. Ингэснээр ажилд зуучлах, ажилгүйдлийг бууруулах үйл ажиллагаа, хөтөлбөр арга хэмжээ хэр үр дүнтэй байгааг тоймлон харах боломж хүртэл бий болно.
ХНХЯ-аас хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудаас Хөдөлмөр медиа экспогийн энэ дугаарт онцлон хүргэлээ.