Оросын эстрадын домог Виктор Цойгийн хүү Александр хэвлэлд анх удаа ярилцлага өгчээ. Тэрээр Марианна Цой, Виктор Цой нарын гэрлэлтээс төрсөн, домогт дуучны цорын ганц хүү юм. Өвөөтэйгөө огт уулздаггүй гэх түүний талаар өмнө нь “Хүнд рок сонсдог, биеэ энд, тэнд нь цоолох хоббитой” гэх мэтчилэн сөрөг гэмээр мэдээллүүд цацагдаж байсан. Тэгвэл хойд хөршийн “7 хоног” сэтгүүлийн сурвалжлагч Александр Цойг олсон төдийгүй ярилцлага авч дөнгөжээ. Энэ нь домогт дуучны хүүгийн хувьд хэвлэлд өгч буй анхны ярилцлага юм.
Олон нийтийн өмнө гардаггүй, нууцлагдмал байдлаараа “Молчанов” гэх хоч хүртэл зүүгээд амжсан тэрээр энэ жил 33 насны босго алхсан бөгөөд гэнэт л олон нийтийн өмнө гарахаар шийдсэн бололтой. Александр Цой одоо Юрий Каспарян /Рок хөгжимчин, “Кино” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг/, Игорь Вдовин нарын хамт “Симфоническое КИНО” төслийн хүрээнд аялан тоглолт зохион байгуулж байгаа аж. “Кино” хамтлагийн алдартай бүтээлүүдийг симфони оркестртой амилуулж буй тэдний төсөл амжилттай явж байгаа бөгөөд Москвагаас Крым хүртэл олон мянган үзэгчдийг цуглуулж чадаж байгаа юм. Сэтгүүлч түүнийг чухам энэ төслийн нэгэн тоглолтынх нь дараа “барьж авчээ”.
“Орцны эхний шатнаас сүүлчийнх хүртэл Виктор Цойгийн тухай үгс биччихсэн, гэрийн гадаах шатны хонгилд танихгүй олон хүмүүс байнга хоноостой...” хэмээн Александр Цой бага насаа дурсаж байна.
-“Симфоническое КИНО” төсөлд яагаад оролцох болсон талаар яриагаа эхлэх үү?
-Төслийн талаар анх сонсоход надад таалагдсан юм. Дараа нь Каспарян надад хандаж "Цусны бүлэг" /Группа крови/ дуунд зориулсан видео хийж өгөхийг санал болгосон. Миний хийсэн видео бүгдэд нь таалагдаж, үлдсэн дуунууд дээр бас ажилласан. Түүнээс хойш төслийн гишүүдийн нэг болчихоод явж байна.
"Кино" хамтлагийн дуунуудыг урьд нь үргэлж л гитартай дуулж ирсэн. Бас үг, аянд нь анхаарал хандуулж хөгжмийг хоёрдугаарт тавьдаг байлаа. “Симфоническая КИНО” энэ орон зайг нөхөж, хөгжимд анхаарал хандуулах боломж олгож байгаагаараа онцлогтой.
-Та олон жил бусдын анхаарлаас зугтаж ирсэн. Овгоо солио юу?
-Сольсон ч биш л дээ. Гэхдээ та өөрийгөө миний оронд тавьж төсөөлөөд үз л дээ. Хүүхэд байхдаа сургуульд явдаг байлаа. Тэнд бүгд намайг Виктор Цойгийн хүүхэд гэдгийг мэднэ. Бүгд л юм асууна. Нэг, хоёр хүн биш шүү дээ. Бүгд... Өдөр болгон... Сараас сард, жилээс жилд ийм л байсан. гэртээ ч тайван амрах боломжгүй. Ээж бид хоёр Петербург хотын ахмадын өргөн чөлөөнд нэг байранд амьдардаг байсан юм. Орцны эхний шатнаас сүүлчийнх хүртэл Виктор Цойгийн тухай үгс биччихсэн, гэрийн гадаах шатны хонгилд танихгүй олон хүмүүс байнга хоноостой... Амьдралд танихгүй хүмүүс гарч ирээд, тэднээс зугтах ямар ч аргагүй болоод ирэхээр байдал маш түгшүүртэй санагддаг юм билээ. Энэ бүхэнтэй эвлэрэхэд олон жил шаардагдлаа.
-Тэгээд л олон жил дуугаа хураач, Молчанов хоч авахад хүрчээ дээ?
-Уг нь би хөгжимд дуртай, дуулах сонирхолтой. Гэсэн ч тэр сонирхлоороо явж чадаагүй. Яагаад гэхээр Виктор Цойн хүү дуулж байна гэхээр олон нийт илүү ихээр анхаарал хандуулна. Дахиад л өөрийнхөөрөө амьдарч чадахгүйд хүрнэ гэж бодсон учраас тэр. Хэн нэгнээс, ямар нэг зүйлээс болж өөрийнхөөрөө амьдарч чадахгүй байна гэдэг чинь буруу шүү дээ. Тиймээс би одоо бүхнийг зааглаж сурахыг хичээж байна. Виктор Цой гэдэг хүн бол агуу дуучин, хөгжмийн зохиолч. Аавтайгаа олон жил хамт байж чадаагүй ч /Виктор Цой Александрыг таван настай байхад өнгөрсөн/ их сайн санадаг. Эцэг бол эцэг шүү дээ. Миний сэтгэлд үргэлж хамт, дотно хэвээрээ байх болно.