Автомашины тоо өдрөөс өдөрт ихэсч, албаныхан замын түгжрэлийг буруулах олон арга хэмжээ авсан ч арилгаж чадахгүй байна. Гэвч түгжрэл буруулах, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх бололцоо шавхагдах болоогүй байна. Гагцхүү асуудлыг хурдан шуурхай тусгаж аван туршиж, сайныг нь авч, мууг нь орхих нь чухал юм.
Түгжрэл бууруулах чиглэлээр нийслэлийн удирдлагуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг харахад төрийн алба, томоохон худалдааны төвүүдийн ажлын цагийг зөрүүлэхээс бусад нь торгууль шийтгэлийн механизмыг ашигласан шинжтэй байна. Энэ бол маш буруу жишиг бөгөөд эрх баригчид юуны түрүүнд өөрсдөөсөө шалтгаалах бүх боломж бололцоог дайчлах учиртай юм. Ингээд замын түгжрэлийг бууруулах өртөг багатай гурван санааг дэвшүүлж байна.
Эхний санаа: Зорчих хэсгийн өргөнийг багасгах
Нийслэлийн ихэнх газарт автозамыг чинээнд нь тултал өргөсгөчихсөн. Цаашид өргөсгөх зай үлдээгүй. Тиймээс одоо зам өргөтгөх гэхээсээ илүүтэй байгаа зам дээрээ, зайгаа яаж зөв ашиглаж зорчих вэ гэдэг асуудалд анхаарлаа хандуулах учиртай.
Зорчих хэсгийн өргөн нь 3-3.5 м өргөнтэй зам нийслэл хотод олон бий. Шинээр тавигдаж байга замууд бараг бүгд 7-14 м өргөн, 2-4 эгнээтэй байгаа. Эдгээр замын зорчих хэсгийн эгнээний өргөнийг 2.5-2.8 метр хүртэл бууруулах нь нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлнэ. Ингэхдээ эгнээний өргөнийг бүхэлд нь, эсвэл шаардлагатай газар (тухайлбал уулзварын наана) 2.5-2.8 м хүртэл багасгаж болно.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зорчих хэсгийн эгнээний өргөн гурван метрээс багагүй байна гэж заасан байдаг. Гэхдээ нийслэлийн ихэнх замд зорчих хэсгийн эгнээний өргөн 3.5 метр байдаг. Гадны орнуудын туршлагаас харахад, зорчих хэсгийн эгнээний өргөн АНУ-д 2,7м -3,70 м, Их Британид 2,5-3,25 м, Герман, Европын холбоонд 3.5 метр өргөнтэй байдаг аж.
Энэ талаар мэдээлэл цуглуулж байхад Японд 14 м өргөн, таван эгнээтэй зам нурж унасан гэсэн мэдээлэл олж хараад ихэд олзуурхсанаа нуугаад яах вэ. Ийм хэмжээний өргөнтэй замаар япончууд яваад дадал болчихсон байна.

Гэхдээ зорчих хэсэг нарийсах тусам хурдны дээд хязгаарыг буулгадаг, анхааруулах тэмдэглэгээ тавьдаг жишигтэй юм байна.

Харин нийслэлд шинээр баригдсан болон баригдаж байгаа замын мэдээлэл цуглуулж байхад 3.5 метрээс ч өргөн зам (Дүнжингаравын уулзвараас Улиастайн гүүр хүртэл 14.5 метр өргөн, дөрвөн эгнээтэй) баригдаж байгаа тухай мэдээлэл байх юм. Японд зорчих хэсгийн эгнээний стандарт өргөн 3.2 метр байдаг боловч дээрх мэдээллээс харахад ачаалал ихтэй газруудад 2.8 м байдаг нь харагдаж байна. Жолооч нарын сахилга бат, ур чадварыг жаахан сайжруулсан байхад энэ боломжгүй асуудал биш. Уулзварт тулж байж эгнээ сольдог зөрчил дээр авах арга хэмжээг чангаруулахад л болно.
Зорчих хэсгийн өргөн 25-50 сантиметрээр буурах нь осол аваар гарах магадлалыг нэмэгдүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Гэвч хурдны дээд хязгаарыг бууруулж, жолоочийн ур чадвар, анхаарлыг нэмэгдүүлснээр эрсдлийг давах хангалттай боломж бий. ОХУ гэхэд л зорчих хэсгийн өргөнийг тодорхой хэмжээгээр бууруулах асуудлыг хөндөж, судалгаа туршилт хийсэн байдаг. Барууны орнуудад зорчих эгнээ нарийссан, илүү анхаарал болгоомжтой явах шаардлагатай хэсэгт жолооны ард тамхи татсан бол торгууль тавих зэргээр тодорхой зохицуулалт хийсэн байдаг. Тэр бэлэн судалгаа, туршилтыг нь аваад, эндээ өөрсдөө ч туршаад амьдралд нэвтрүүлэх талаас нь асуудалд хандвал яасан юм бэ.
Удаах санаа: Ачаалал нэмэгдсэн урсгалын эгнээний тоог нэмэх
Нийслэлд өглөө, оройдоо урсгалын ачаалал ялгаатай байдаг замууд бий. Жишээлбэл, Гандан-Гэсэр сүм чиглэлийн автозамын хойноос урагшаа чиглэсэн урсгал өглөөдөө хэт ачаалалтай болж түгжрэл үүсдэг. Харин эсрэг урсгал буюу Гэсэр сүмээс Гандан руу өгсдөг хэсэг хоосон шахам болно. Геологийн төв лабораториос 21 дүгээр хороолол руу өгссөн зам оройдоо хэт ачаалалтай, өглөөдөө хоосон байдаг онцлогтой. Тэгвэл дээр дурдсанаас гадна өөр бусад замуудыг судалж олоод өглөө, оройдоо ачаалал ихтэй урсгалын эгнээний тоог нэмэгдүүлэх нь түгжрэлийг бууруулах нэг арга байж болно.

Одоо ч зарим ур чадвартай, мэдрэмжтэй цагдаа нар хэрэгжүүлж л байдаг арга шүү дээ. Гагцхүү албан ёсных болгохыг л санал болгож байгаа хэрэг. Энэ аргыг хэрэгжүүлснээр иргэд өглөө ажилдаа очих, орой гэртээ харих цагаа мэдэгдэхүйц багасгаж чадна гэдэгт итгэлтэй байна. Зохицуулалт хийх цагийг сайтар тэмдэглэж, иргэдэд таниулах юм бол үр дүнгээ өгөх маш боломжийн арга юм.
Гутгаар санаа: Уулзвар дээр удаан явахыг хориглох, эгнээний “хулгай”-г таслан зогсоох
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлд Хөдөлгөөн эхлэх болон чиглэл өөрчлөх дүрмийг зөрчсөн, 41 дүгээр зүйлд хурд хэтрүүлсэн болон хэт удаан явж бусдын хөдөлгөөнд саад учруулсан жолоочид хүлээлгэх хариуцлагын талаар тодорхой заасан бий. Гэвч хуулийн бусад зүйл заалтаас хамгийн сул хэрэгжилттэй дээрх хоёр зүйл гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Үүнээс болж зам дээр “Хэн сэргэлэн нь хожно” гэсэн дүрэм үйлчилж, замын хөдөлгөөн тэр хэрээр удаашран, дүрмээ сахидаг жолооч нар цаг, заваараа хохирдог.
Замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг бууруулж байгаа бас нэг хүчин зүйл нь жолооч нар уулзвар дээр хэт удаан явдаг явдал юм. Замын нэвтрүүлэх чадвар хэр сайн байх вэ гэдэг нь үндсэндээ уулзварууд дээр л шийдэгддэг. Эгнээ байраа зөв эзлээд, түргэн шуурхай явчихдаг болбол авто замуудын нэвтрүүлэх чадвар дор хаяж 10-20 хувиар нэмэгдэх боломж бий.
Мөнгө шаардах нэг санаа
Үүнээс гадна тодорхой хэмжээний хөрөнгө шаардах өөр санаанууд бий. Тэдгээрийн нэг нь нийслэлд дахиад нэг төв зам тавих тухай. "Home plaza"-гийн гүүр барих асуудал яригдаж байх үед УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Гүүр барих мөнгөөрөө төмөр замаа хотоос гаргая" гэсэн санал дэвшүүлсэн. Үнэхээр энэ санаачилгыг ажил хэрэг болгоод, одоо төмөр зам байгаа газарт дахин нэг төв зам тавьчихвал хотын түгжрээ шууд л буурна даа.