Монголын говьд судалгаа хийсэн Монгол-Японы эрдэмтдийн баг шинжлэх ухаанд урьд өмнө мэдэгдэж байгаагүй аварга том үлэг гүрвэлийн яс, чулуужсан мөр олж илрүүлжээ.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, эрдэмтдийн олсон ясан дунд одоогоос 70 сая жилийн өмнө амьдарч байсан зауропод маягийн өвсөн тэжээлтэн үлэг гүрвэлийн яс байгаа бөгөөд хэмжээг нь 20 метр, жин нь 15-30 тонн хүрнэ хэмээн тооцоолсон байна. Энэ төрлийн үлэг гүрвэл нь Юрийн галавын үед бүх тивд тархан амьдарч байсан гэж үздэг юм.
Үүнээс гадна, олдсон ясан дунд 155 см урт дунд чөмөгний яс байгаа нь эрдэмтдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Мөн орнитоподын 86-115 см хэмжээтэй яс олсон нь түүхэнд олдсон хамгийн том хэмжээтэй дүйж очсон байна. Эдгээр ясан дээр тулгуурлаад бодож үзэхэд үлэг гүрвэлийн хэмжээ 17 метр хүрч байгаа бөгөөд энэ нь Тираннозавраас таван метрээр урт гэсэн үг ажээ.
Дашрамд сонирхуулахад, эрдэмтэд ноднин жил буюу 2017 оны наймдугаар сард патагоны хөндийгөөс /орчин үеийн Аргентин, Чили улсын нутаг/ манай гаригийн түүхэн дэх хамгийн том хэмжээтэй хуурай газрын амьтныг олж, Patagotitan mayorum гэж нэрлэсэн байдаг. Долоон заантай тэнцэхүйц буй 35-аас дээш тонн жинтэй уг амьтан Юри, цэрдийн галавт амьдарч байсныг эрдэмтэд тогтоож байв.