Мэргэжлийн сүмогийн бөх Таканоива А.Баасандорж Их аварга асан, зодог тайлаад удаагүй байгаа Харумафүжи Д.Бямбадоржийг шүүхэд өгчээ. Тэрээр Токиогийн тойргийн шүүхэд өчигдөр өргөдлөө аваачиж өгсөн байна. Asahi.com цахим хуудсанд энэ талаар мэдээлжээ.
Харумафүжи Д.Бямбадорж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ А.Баасандоржийг зодож танхайрсан бөгөөд энэ үйлдлийнхээ улмаас зодог тайлахад хүрсэн билээ. Зодог тайлах үйл явц болж байх үед чимээгүй байсан Таканоива А.Баасандорж Д.Бямбадоржийн нэгмөсөн зодог тайлахыг хүлээж байсан бололтой. Зодог тайлах ёслол нь болж өнгөрсний дараа ийнхүү шүүхэд хандсан байна.
Тэрээр харумафүжи Д.Бямбадоржоос 24.13 сая иен буюу 211 мянган ам.доллар нэхэмжилж байгаа аж. Гэмтлээс болж гарсан эмчилгээний зардал, тэмцээн өнжсөнөөс болсон цалингийн зардал зэргийг үүнд багтаасан гэнэ.
Таканоива А.Баасандоржийн өмгөөлөгчийн хэлснээр бол Харумафүжи Д.Бямбадорж эхлээд асуудлыг шүүхийн бус аргаар шийдье, тохиролцъё гэж байсан ч сүүлдээ тохиролцоогоо үл хэргэсэх болсон тул ийнхүү шүүхэд хандсан байна.