Ардчилсан Монгол Улсад 1937 оных шиг амь насаа алдах хэмжээний биш ч ажил амьдралаа алдах, сэтгэл санааны хохирол амсах гэх мэт хэлмэгдүүлэлт байсаар л байна. Олон хоног цагдаагийн газрын үүд сахиж суух, цаашлаад хилээр гарах эрхээ хасуулах, тодорхой хугацаагаар хоригдох гэх мэтээр хийж бүтээх өчнөөн цаг хугацаагаа алдаж, эрх чөлөөгөө хасуулсны дараа бургуугүй гэдэг нь тогтоогдох нь олон. Энэ бүхний дараа хэн нэгэн байцаагч, шүүгч “Таныг буруугүй гэж үзэн цагаатгаж байна. Та нэр төрөө сэргээлгэх үүднээс хууль шүүхийн байгууллагад гомдол гаргах эрхтэй” гэж хэлдэг. Ийм асуудалд оролцсон хүмүүсийн олонхи нь энэхүү эрхээ эдэлдэггүй байна. Мөн манай улсад иймэрхүү байдлаар эрх нь зөрчигдсөн хүмүүсийн эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох хууль эрх зүйн орчин дутмаг байгаа нь хуульч, өмгөөлөгчдийн анхаарлыг татах болжээ. Тухайлбал, хуульч Б.Мэргэн, Г.Байгальмаа, Э.Хашчулуун нар энэ асуудлаар "Нээлттэй нийгэм" форумын дэмжлэгтэйгээр судалгаа хийсэн байна. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдож байгаад шүүхээс гэм буруугүйг нь тогтоож цагаатгагдсан иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн боломж, шүүхийн практикийн өнөөгийн нөхцөл байдлыг судалжээ. Ингэхдээ цагдан хоригдсоны улмаас хохирлоо нөхөн төлүүлсэн эсэх, хохирол нөхөн төлүүлэх талаарх мэдлэг мэдээлэл, хэрэгцээ шаардлагыг тогтоох зорилгоор гэм буруугүй нь тогтоогдож цагаатгагдсан иргэдээс тусгайлан боловсруулсан анкетын аргаар судалгаа авчээ. Энэ хүрээндээ гэм буруугүйг нь тогтоож цагаатгагдсан иргэдээс цагдан хорих хангалттай үндэслэл байсан эсэх, гэмт хэрэгт шалгагдаж цагдан хоригдсон болон цагаатгагдсанаас хойших хугацаанд гарсан амьдралын өөрчлөлт, хохирсон байдал, хохирлоо нөхөн төлүүлсэн эсэх талаар бодит мэдээлэл олж авах зорилгоор ганцаарчилсан ярилцлага хийсэн байна. Шүүхийн шийдвэрийн нэгдсэн сангаас шүүлт хийхэд эрүүгийн хэрэгт цагдан хоригдож, цагаатгагдсан 45 шүүхийн шийдвэр гарч ирснээс дээрх хуульчид 17 иргэнтэй холбоо тогтоожээ. Тухайн иргэд юу гэж ярьсныг төлөөлүүлэн хүргэе.

  1. Улаанбаатар хотын ... дугаар хорооны Иргэн Т “Би 188 хоног буюу бүтэн зургаан сар цагдан хоригдсон. Гэр бүлийн хүнтэйгээ маргалдаж манай хүн хутга барьж над руу дайрахад би биеэ хамгаалж ноцолдож байгаад нөхөр нас барсан. Цагдан хоригдох хугацаанд маш хэцүү байсан. Сэтгэл зүйн хувьд байнгын тогтворгүй байдалтай, гурван хүүхдэдээ маш их санаа зовж байлаа. “Биеэ хамгаалсныхаа төлөө ингээд л шоронд орчих гэж үү. Миний үр хүүхдүүдийг хэн харж хандах вэ” гэж маш их бодож шаналж байсан. Тухайн хэрэг болохоос өмнө би цэргийн газар ажилладаг байсан. Хэрэгт холбогдон шалгагдсанаас хойш ажлаа ч хийж чадахгүй хоригдоод анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарсан. Үүний дараа прокуророос давж заалдаад хэрэг маань нэмэлт мөрдөн байцаалтад буцсан ба прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэм буруугүй гэдэг маань тогтоогдоод суллагдсаны дараа ажилдаа эргэн орох гэтэл манай ажлын газрын хүний нөөцийн ажилтан “Та одоо ажилдаа эргэн ороход хэн хэнд нь хэцүү. Та мэдэж байгаа биз дээ. Угаасаа бид таны сул орон тоонд хүн авч ажиллуулж байгаа” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь би Хил хамгаалах ерөнхий газарт хүсэлт гаргаад өөр салбар анги руу шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл одоо хүртэл миний хүсэлтийг шийдвэрлээгүй, бас ажлаас халсан тушаал гараагүй байгаа. Ажилтай байх хугацаандаа нөхөр бид хоёр тус тусдаа цалингийн зээл авсан байсан. Тэрийгээ төлж дуусаагүй банкнаас алданги тооцуулаад явж байна. Анх 7 сая төгрөгийн зээл авсан ч энэ хэргээс болж зээлээ төлж чадахгүй байсаар одоо 17 сая төгрөг төлөхөөр болсон, банкнаас залгаад байнга мөнгө нэхээд хэцүүхэн л байна. Би хохирлоо арилгуулахаар шүүхэд хандах эрхтэй гэдгээ мэдэж байсан. Намайг өмгөөлж байсан өмгөөлөгч ч үүнийг хэлж байсан. Гэхдээ тухайн үед маш удаан шүүх цагдаагаар яваад залхсан байсан болохоор энэ асуудлын талаар өргөдөл гаргахаа хэсэг хугацаанд хүлээе гэж бодсон. Яагаад гэвэл, хэрвээ би энэ асуудлаар дахин шүүх цагдаатай орооцолдвол дахиад шүүхээр явах байх гэж айсан. Эргэж миний өмнөх хэргийг сөхөхгүй тэгээд үнэхээр баталгаатай гэвэл би та бүхэнтэй хамтран хохирлоо нэхэмжилмээр байна. Ядаж энэ хохирлоо нэхэмжилж банкны өр төлбөрөө барагдуулж гурван хүүхэдтэйгээ тайван амьдармаар байна.”
  2. Улаанбаатар хотын ... дугаар хорооны Иргэн Э “Надад Хан-Уул дүүргийн прокуророос эрүүгийн хуулийн 148.4 дэх зүйл ангиар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй эрүүгийн хэрэг үүсгээд шүүх рүү шилжүүлэхээр бэлдсэн байсан. Хан-Уул дүүргийн эрх бүхий албан тушаалтнууд үгсэн хуйвалдаад намайг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Дээрх албан тушаалтнуудын үйлдэл хууль бус гэдэг нь нотлогдсон. Бүтэн хоёр жилийн хугацаанд миний хилээр орж гарах эрх, бусад үйл ажиллагаа явуулах эрхийг бүгдийг нь зогсоосон. Анх 2012 онд миний бичсэн хөрөнгө оруулалтын төсөл 110 сая ам.доллар болсноос 77 сая ам.доллар нь шийдэгдсэн байсан. Уг төслийг хөөцөлдөж өгнө гээд олны танил, нэр бүхий хүн 100 мянган ам.доллар, 175 сая төгрөг надаас авсан. Би тухайн үед энэ мөнгийг хүнээс зээлж авч өгсөн байсан. Ердөө ийм асуудлаас болоод би өөрөө хэрэгт гүтгүүлж 10 хоног цагдан хоригдсон, надаас мөнгө зээлсэн байж намайг эргүүлээд хэрэгт унагах төлөвлөгөөтэй байсан. Дээрээс нь би өөрөө УЕПГ-т гомдол гаргаад хэргийн харьяаллаа тогтоолгосон. Үүний дараагаар Сүхбаатар дүүргийн шүүхэд хохирогчоор тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн ажиллагаа явуулаад олны танил, нэр бүхий эрхмийг надаас 175 сая төгрөг авсан бичлэгийг олсон. Ингээд миний тэр хүнээс залилсан гэх 175 сая төгрөгийг хэрэгсэхгүй болсон. Надаас авсан 100 мянган доллараа одоо хүртэл өгөөгүй л байгаа, аваагүй гэж гүрийгээд. Энэ хүний эцсийн зорилго нь Хөгжлийн банк дээр явж байсан миний төслийг унагаж, хэрэгжүүлэхэд бэлэн болсон төслийг өөртөө авах зорилготой байсан юм байна лээ. Тэр хүний санаа бүтэж намайг үйл ажиллагаа явуулах эрхгүй байх хугацаанд миний төслийг өөрөө авч одоо хэрэгжүүлээд явж байгаа. Төслийн зардалд 380 мянган ам.доллар зарцуулсан ба энэ мөнгөөр хохирсон. Нэр төр сэтгэл санаанд учирсан хохирлоо хэнээс гаргуулах вэ. Буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулмаар байна. Хэрэг шалгагдаж байх хугацаанд бүх төрийн байгууллага руу миний талаар алдарт гэмт хэрэгтэн, залилагч гэсэн агуулга бүхий албан бичгүүд очсон байсан. Үүнээс болоод би ажилд орж чадахгүй болсон. Прокурор, мөрдөн байцаагч, анхан шатны шүүхийн ажлын хариуцлагыг нэмэгдүүлмээр байна. Би хохирол шаардах эрхтэй гэдгээ мэдэж байсан ч бүтэн хоёр жилийн турш цагдаа, шүүхтэй орооцолдсон болохоор үнэндээ халширсан. Хууль хяналтын байгууллагад итгэх итгэл алдарсан.”
  3. Улаанбаатар хотын ... дугаар хорооны Иргэн Ө “Би аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлдэг байсан. Зарын сонин дээрээс оффис зарна гэх зарын дагуу нэгэн эмэгтэйгээс үл хөдлөх худалдаж авахаар болсон. Тэр эмэгтэйд яаралтай 100 сая төгрөг хэрэгтэй байсан юм билээ. Банкинд тухайн үл хөдлөхийг барьцаалан зээл авсан байсан ба надад 500 саяар зарсан гэж гэрээ хийгээд банкныхаа өрийг төлөөд надаар тухайн үл хөдлөхийг эргүүлэн банкинд тавиулсан. Би худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн мөнгийг бага багаар төлж байсан. Тухайн үед би “Алтны уурхайн орд эзэмшихээр болоод түүнтэй холбоотой асуудлаар АНУ руу нисэхээр боллоо” гэж ярихад намайг мөнгөө төлөхгүй зугтсан, үл хөдлөхийг нь залилсан гээд цагдаад өргөдөл гаргаад прокурорт миний хэрэг очсон байсан. Үүнээс болоод би хүн залилсан болж цагдан хоригдсон ба үл хөдлөхийг банкнаас барьцаалахад хэрэглэсэн мөнгөө хүнээс зээлж өгсөн байсан. Олон хоног цагдан хоригдоод дээрээс нь үйл ажиллагаа эрхэлж болохгүйгээс болоод гаднаас авах хөрөнгө оруулалт зогссон. Би өөрөө сүүлдээ хүнээс хүүтэй мөнгө зээлсэн байсан болохоор тэр хүүгээ бас өөрөө төлөөд бөөн өрөнд унасан учир өөрийн эзэмшдэг бүх үл хөдлөх, зарж болох бүх зүйлсээ зарж өрөө төлсөн. Надад прокурор шүүхэд гомдох зүйл байхгүй ээ. Намайг залилсан, надад үл хөдлөх хөрөнгө зарсан хүүхнээс мөнгө нэхэмжилмээр байна. Хохирол нэхэмжлэх эрхтэй гэдгээ мэдэж байсан. Гэхдээ шүүхэд хандаагүй учир нь хохирол гаргуулдаг тохиолдол цөөн, бага дүнгээр хохирол гаргадаг гэж сонсон учраас хэзээ нэгэн өдөр нэхэмжлэл гаргана гэж бодож явсаар өдийг хүрлээ. Хэргээ шийдүүлэхийн тулд олон сар цагдаа прокурорын үүд сахисан болохоор дахин шүүх цагдаагийн байгууллагаар явах итгэлгүй болсон” гэжээ.

Дээрх хүмүүсийн ярианаас үзвэл цагаатгагдсан иргэд хохирол нэхэмжлэх эрхээ мэддэг ч хохирлоо нэхэмжлэх зориг нь мохсон байдаг бололтой. Учир нь, цагаатгагдсан иргэд цагдан хоригдож байх хугацаандаа хэтэрхий их сэтгэл зүйн дарамтад өртдөг ба үүнээсээ болоод дахин шүүх, прокурорын байгууллагатай холбогдохыг хүсдэггүй болох нь харагдаж байгаа юм. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмийг бий болгосон гэх Монгол Улс цаашид энэ мэтээр иргэдээ хохироосоор байх уу. Энэ байдлыг цааш нь үргэлжлүүлэхгүйн тулд яах ёстой, гаднын улс орнуудад уг асуудлыг хэрхэн зохицуулдаг талаар дээрх судалгааг хийсэн хуулчдийн төлөөлөл болгон “Эрх зүйн соёл” төрийн бус байгууллагын судлаач, хуульч Г.Байгальмаатай ярилцлаа.

Г.Байгальмаа: Уулзаж ярилцсан хүмүүс бүгд “Дахиж л хууль, шүүхийн байгууллагатай орооцолдохгүй юмсан” гэж байсан

-Сүүлийн үед хэн нэгний гэм буруутай эсэхийг тогтоохоосоо өмнө цагдан хорих байдал ихэссэн. “Оргон зайлахаас урьдчилсан сэргийлж байна”, эсвэл “Хийсэн гэмт хэргээ нуун дарагдуулах магадлалтай” гэх үндэслэлээр хорьдог. Гэвч мөрдөн байцаах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруугүй нь тогтоогдох тохиолдол бий. Энэ тохиолдолд тухайн иргэн эд хөрөнгө болон сэтгэл санаагаараа хохирдог. Энэ асуудлаар судалгаа хийсэн хүний хувьд эдгээр иргэдийн хохирлыг яаж барагдуулах ёстой гэж үзэж байна вэ?

-Бид цагаатгагдсан иргэдийн нөхөн төлбөрийн асуудлаархи судалгааг Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр энэ оны эхнээс хийж эхэлсэн. Манай улс цагаатгагдсан иргэдийнхээ хохирлыг бүрэн барагдуулдаг болохын тулд тусгайлсан хуультай болох хэрэгтэй. Ер нь манай Иргэний хуулиар сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх боломж муу байдаг. Тиймээс Иргэний хуульд аргачлалыг нь тодорхой заасан өөрчлөлт оруулж болно.

-Гэм буруугүй нь тогтоогдож цагаатгагдсан хүмүүстэй уулзахад бүгд шүүхэд хандаж нөхөн төлбөр нэхэмжлээгүй байна гэж байсан. Тэр хүмүүс ямар шалтгаанаар шүүхэд ханддаггүй юм бол?

-Анх тэр хүмүүстэй уулзаад ярилцахаасаа өмнө “Энэ хүмүүс эрхээ мэдэггүй учраас шүүхэд ханддаггүй юм байна” гэж таамаглаж байсан. Гэтэл уулзалт ярилцлага хийсний дараа юу ажиглагдсан гэхээр “Энэ хүмүүс эрхээ мэддэг юм байна. Харин хууль шүүхийн байгууллагад хандах хүсэлгүй болчихсон байдаг юм байна” гэдэг нь ажиглагдсан. Яагаад гэхээр “Хууль шүүхийн байгууллагаар удаан хугацаанд яваад хаширчихсан, зарим нь бүр айчихсан байдаг юм билээ. “Нэгэнт л миний хэрэг цагаатгагдсанаас хойш илүү дутуу юм яриад яахав. Миний тэр эрх ч дүүрч. Дахиж л энэ хууль, шүүхийн байгууллагатай орооцолдохгүй байх юмсан” гэх бодолтой хүмүүс ч байна. Бидний уулзсан хүмүүс яг энэ үндэслэлээр шүүхэнд нөхөн төлбөр авах нэхэмжлэл гаргаагүй байсан. Түүнээс биш шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйгээ бүгд мэддэг юм билээ. Яаж мэддэг гэхээр, шүүхийн шийдвэрт шүүхэд хандах эрхтэй гэдгийг нь заагаад өгчихсөн байдаг. Мөн өмгөөлөгч нь хэлдэг.

-Бусад улс орны хувьд иймэрхүү байдлаар хэлмэгдсэн хүмүүстээ нөхөн төлбөрийг нь яаж олгодог вэ?

-Япон, БНХАУ гэх мэт улсад энэ асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулдаг. Түүндээ төлбөрийн доод, дээд хязгаарыг заагаад өгчихсөн байдаг. Мөн өмгөөлөгчийн хөлс, байрны түрээс гэх мэт зардал нэхэмжлэх эрхтэй байдаг.

-Манай улсын хувьд нөхөн төлбөрийн доод, дээд хязгаар гэсэн зохицуулалт байхгүй ч гэсэн тухайн хугацааных нь цалинг буцаан олгх гэх мэт зохицуулалт байдаг биз дээ?

-Тийм. Гэхдээ энэ нь төрийн албанд ажилладаг болон тогтмол цалин авч ажиллаж байсан хүмүүст илүү хамаардаг. Дундаж цалин хөлснийх нь дагуу нэхэмжлэл гаргаж шийдэврлүүлэх боломжтой байдаг. Харин бизнес эрхэлдэг, тогтмол орлогыг нь тодорхойлох боломжгүй хүмүүсийн хувьд хэцүү. Яагаад гэхээр манай хуульд нөхөн төлбөрийг тооцох тодорхой аргачлал, томъёо байдаггүй. Шүүгч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагдан хоригдсон хоногоор нь үржүүлээд нөхөн төлбөрийн хэмжээг гаргадаг. Энэ тохиолдолд их хэмжээний нөхөн төлбөр гардаг. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажлын дундаж 21.5 хоногт хуваагаад түүнийгээ цагдан хоригдсон хоногоор нь үржүүлдэг. Ингэхээр бага дүн гардаг. Энэ хоёрын зөрүү нь асар их. Нэг нь 800 мянган төгрөгийн нөхөн төлбөр авч байхад нөгөө нь хоёр саяын нөхөн төлбөр авах жишээтэй. Энэ хоёр аргын аль нь ч хуульд байдаггүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажлын дундаж 21.5 хоногт хуваах тухай зохицуулалт нь Дээд шүүхийн зөвлөмжинд л байдаг. Дээд шүүхийн зөвлөмж гэдэг чинь хууль биш шүү дээ. Тиймээс нөхөн төлбөрийн хэмжээг шүүгч нар өөр өөрийнхөө үзэмжээр тогтоодог гэсэн үг. Уг нь хуульд нөхөн төлбөрийн хэмжээг ингэж тогтооно гэсэн тодорхой үг, өгүүлбэр, эсвэл тодорхой заасан аргачлал, томъёо байх ёстой.