Төрөөд дөнгөж гурав хоносон нярай хорт хилэнцэт хорхойд долоон удаа хатгуулсан ч амьд үлдсэн тохиолдол Брази улсад гарчээ. Daily Mail сонин энэ талаар мэдээллээ.
Тус улсын зүүн хэсэгт орших Байя мужийн оршин суугч 25 настай Фернанда Фереррия (Fernanda Ferreria) гэдэг эмэгтэй төрөөд ердөө гурав хонож байсан охиныхоо живхийг сольжээ. Ингэхдээ шинээр өмсгөсөн живх дотор нь “Leiurus quinquestriatus” буюу “Үхлийн ангууч” гэж нэршсэн хорт хилэнцэт хорхой орсон байсныг анзааралгүй өмсүүлж орхисон байна. Хилэнцэт хорхой охиныг долоон удаа хатгажээ. Охиных нь амнаас хөөс цахарч, хэвийн биш болсныг анзаарсан эмэгтэй хүүхдээ нэн даруй ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Ингэхдээ ч живхэн дотор нь хилэнцэт хорхой байгааг мэдээгүй аж. Эмнэлэгт ирсний дараа үзлэг хийсэн эмч нар л охиныг живхийг тайлж, болсон явдлыг олж мэджээ. Ингээд хилэнцэт хорхойн хорны ерөндөг зургаан тунгаар тарьж, шаардлагатай бусад арга хэмжээг авсан аж. Үр дүнд нь охин эрүүлжиж, гурав хоног сэхээн амьдруулах тасагт хэвтээд ердийн тасагт шилжжээ.
Фернанда Феррейрия София охиныхоо хамт.
Азтай ээж Фернанда Феррейрия хэвлэлд өгсөн ярилцлагадаа “нөхөр бид хоёр охиноо амьд гарна гэдэгт үнэндээ итгээгүй. Гэтэл үнэхээр гайхалтай зүйл боллоо. Нэгэнт охин маань ийм хүнд сорилтыг давж гарсан учраас бурхны өгсөн бэлэг, энэ дэлхийд ямар нэг даалгавартай ирсэн гэсэн үг” хэмээн баярласан сэтгэгдлээ илэрхийлжээ.
“Үхлийн ангууч” нь Өмнөд Америкийн хамгийн хортой, аюулт шавьжийн нэг бөгөөд 2017 онд зөвхөн Бразилд гэхэд 184 хүн уг шавьжид хазуулан нас баржээ.