Нүүдлийн мал аж ахуйг аж амьдралынхаа үндэс болгосон монголчуудын хувьд өвлийн улирал хамгийн эрсдэлтэй, хүнд тусдаг. Тэр тусмаа зуд болбол мал олноор үхэж үрэгдэн, хүн амын 30 хувийг эзэлдэг малчдын аж амьдрал, улс орны эдийн засагт нөхөж баршгүй гарз хохирол учруулдаг билээ.

Олон мянган малчин өрхийн хотыг харлуулж, суурин газар бараадахад хүргэсэн 2000-2002, 2009-2010 оны их зудыг монголчууд одоо ч мартаагүй байх. Мянган сүргээс 20 хүрэхгүй толгой малтай үлдэж байсан тохиолдол тэр үед олон гарч байсан гэдэг юм. Нийслэлийн хүн амын механик өсөлтийг хэд дахин нэмэгдэхэд хүргэсэн тэрхүү зудыг настнууд “Хавсарсан зуд” байсан гэж ярих юм билээ.

Зуд гэж хэвийн хэмжээнээсээ их цас орох буюу огт орохгүй байх, онцгой хүйтрэх,  хүчтэй шуурах зэргээс болж мал олноор үхэж үрэгдэх нөхцөл үүсэхийг хэлдэг.

Эрт хүйтэрч булаг шанд хөлдөн, цас оролгүй удсанаас мал харангадаж үхэхэд хүрдэг “Харын зуд”, цас хэт их орж, өвлийн тачир өвсийг дарснаас мал өлдөж үхэхэд хүрдэг “Цагаан зуд”-наас гадна “Шуурган зуд”, "Хүйтний зуд" гэж бас бий.

Хүйтний улиралд шуурга удаан хугацаагаар үргэлжлэн малын  бэлчээрт идэшлэх боломжийг алдагдуулснаас тэжээл дутагдан мал өлсөж дааран олноор үхэх нөхцөл бүрдэхийг шуурган зуд гэдэг. Хүйтний улиралд секундэд 10 метрээс илүү хурдтай салхи хангайн бүсэд тав, хээрийн бүсэд дөрөв хоног, говийн бүсэд гурав хоног дараалан шуурвал дан бэлчээрийн мал бэлчээрээ  ашиглаж чадахгүй үхэхэд хүрдэг аж.

Хүйтний улиралд цочир хүйтэрвэл мал мөн бэлчээрлэж чаддаггүй. Үүнээс бол өлсөж дааран үхэх нөхцөл бүрдэхийг хүйтний зуд гэнэ. Гэхдээ энэ бүхнээс “Хавсарсан зуд”-ын аюул илүү хохиролтой, гамшгийн хэмжээнд хүрч очдог байна. Өөрөөр хэлбэл, цас хэт их орж, онцгой хүйтрэн, олон хоногоор шуурах, харын зудтай үед шуурга, хүйтэн хослох зэрэг нь малын тамирыг барж, үхэлд хүргэх хүчин зүйл болдог аж.

Зудын дээр дурдсан шинжүүд дээр хохирлыг үлэмж нэмдэг бас нэг нөхцөл нь намар эрт цас орох, хавар эрт дулаараад эргэн хүйтрэх нь зудыг “хавсарсан” болгож, нөхцөл байдлыг илүү хүндрүүлдэг гэж малчид ярих юм билээ.

Тодруулбал, хур бороо элбэгтэй намар гэнэт цас орж, эргэн дулаарахад цас хайлдаг. Энэ цас нь гүйцэд хайлж амжаагүй байхад хүйтэрвэл газар мөсөн бүрхүүлтэй болдог гэсэн үг. Хавар мөн адил, эрт дулаарч, цас хайлмагтсаны дараа хүйтрэхэд мөсөн бүрхүүл тогтоно. Үүнээс болж, мөс цавчин өвс олж идэж чадахгүй бог мал өлдөн тарга тэвээргээ алддаг байна.

Тэгвэл, энэ жил яг ийм нөхцөл байдал үүсэх магадлал өндөр байна. Энэ жил нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон тул хөрсний чийг ихтэй байгаа. Хур бороо их орсон жил хөрсөн дээр илүү хүйтэрдэг нь хууль гэнэ.

Энэ сард нутгийн ихэнх хэсгээр хур бороо элбэгтэйгээс гадна байгаль дэлхий хүйтэрч дулаарсан олон ааш харуулахыг Цаг уур уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан төлвөөс харж болохоор байна.

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэдэг.

Энэ сарын хувьд ихэнх нутгаар хур тунадас, цочир хүйтрэлт зэрэгцээд явна гэдэг нь tsag-agaar.gov.mn цахим хуудсанд тавигдсан мэдээллээс харагдана.

Бороо нь цас болж, улмаар хайлмагтаж мөсөн бүрхүүл болж тогтох магадлал өндөр гэсэн үг. Ийм үед дээр хэлсэнчлэн мал өвс олж идэхэд бэрх болох тул тарга тэвээргээ алддаг. Хүйтрэх яагаа ч үгүй байхад тэжээлгээд эхэлнэ гэсэн үг юм. Энэ нь алсдаа өвөлжилтийг хүндрүүлж тун магадгүй.

Дэлхийн дулааралтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд зудын давтамж ойртож буй. Үүн дээр өвлийн бэлтгэл хийдэггүй хариуцлагагүйн зуд хавсарснаас болж хохирлын хэмжээ нэмэгдэж байна. Зуд жил дараалбал маш их гарзтай байдаг. 1999-2000 онд 12 аймгийн 157 суманд зуд болж, 2.4 сая мал хорогдсон бол жилийн дараа 20 аймгийн 192 суманд зуд болж, 3.5 сая мал хорогдож, 5,000 орчим айл өрх малгүй болж байсан түүхтэй.  Үүнээс хойш бараг жил бүр л энд тэнд их, бага хэмжээгээр зуд болж, мал хуй хорогдсоор өнөө жилтэй золгож байна.

Өнгөрсөн жил манай зарим аймагт зуд болсон. Олон улсын Улаан загалмай байгууллагын албан ёсны цахим хуудсанд тавигдсан мэдээлэлд 0.8 сая толгой мал үрэгдсэн тоо байна. Монголд цаг агаарын бэрхшээлтэй нөхцөл байдал үүсч магадгүй гэдэг мэдээллийг уг байгууллага аль хэдийнэ гаргачихсаныг бодоход манай холбогдох байгууллага нь ажлаа хийж байгааг харуулна. Өвсний үнэ өнгөрсөн жилийн намар 3000 төгрөгнөөс эхэлж 12 дугаар сард 5000 төгрөгний үнэтэй байсан бол энэ жилийн ханш  шууд 4500-5000 төгрөгнөөс эхэлж байгаа юм.

Өвгөчүүдийн ярих нь, зуд гэдэг нь зөвхөн байгалийн үзэгдлийг хэлдэггүй. Байгаль, цаг уурын бэрхшээлээс хамгаалах бэлтгэл дутсанаас мал үхэж үрэгдэхийг бас  ингэж хэлдэг.  Манайхан хариуцлагагүйн зуд гэж нэрлэдэг энэ үзэгдэл л битгий болоосой.