Олон улсын валютын сангаас сүүлийн 10 жилд /2008-2017/ эдийн засгаа хамгийн ихээр өсгөсөн улс орнуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг мэдээж, Ази, Африкийн улсууд өнгөлсөн бөгөөд эхний 20-д “Хар” Африкийн таван улс /Эфиоп жилд дунджаар 9.8 хувь, Руанда 7.4, Гана 7.0, Танзани 6.5, Мозамбик 6.3/ бичигджээ. Дөрөв нь Монголоос дээгүүр байрт /Манай үзүүлэлт 6.4 хувь, 17 дугаар байр/ бичигдсэн байна.

2011 онд манай улс эдийн засгаа 17.3 хувь өсгөн дэлхийд тэргүүлэхэд Африкийн Гана улс аман хүзүүнд бичигдсэнийг анзаарсан хүн бий болов уу. Тэр цагаас хойш манай ДНБ-ий хэмжээ жил дараалан уруудсаар 2017 онд хасах (-0.2) руу орсон бол Африкийн улсууд эдийн засгаа зугуухан өсгөсөөр ирснийг дээр өгүүлсэн ОУВС-гийн сүүлийн 10 жилийн тайлан нотолно. Манайхан байгалийн баялгаа бусдад өм цөмөөр алдаж үгүйрсний үлгэр жишээ болгож ярих дуртай “Хар тив”-ийн улсууд ийнхүү эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд цойлон гарч ирж байгаа нь бидний анхаарлаас холуур өнгөрөх учиргүй. Хатуухан хэлэхэд бид өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж бусдын толгой дээрх хялгасыг ярьсаар одоо Африкаас ч долоон дор байдалд орчихжээ. Гэхдээ энэ бол асуудлын зөвхөн нэг тал. Өөр бас асуудлууд байна.

Африкийн улс орнуудын эдийн засгийн байдалд одоо бидний анхаарлыг маш их татах ёстой үйл явц өрнөж байна. хамгийн хөгжингүй Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад үнэт металлын уурхайнууд шил, шилээ даран хаагдаж, үндэстэн дамнасан корпорациуд хар нүх үлдээгээд гарч явж байна. Хамгийн гомсог нийслэл Кейптаун нь ундны усгүй болж, мөхлийн замдаа орчихлоо.

Өөр бас нэг анхаарал татах зүйл бол Ботсвана улсын эдийн засгийн байдал юм. Эдийн засгийн ололт амжилтаараа онцгойрч, хар тивийн гайхамшиг гэгдэж байсан энэ улс экспортынхоо орлогыг алмаазнаас олдог онцлогтой. ОУВС-гаас гаргасан сүүлийн 10 жилийн өсөлтөөрөө 3.3 гэсэн даруухан үзүүлэлтээр “дундуур” давхиж яваа. Харин 45 жилийн хугацаанд авч үзвэл ДНБ нь даруй 500 дахин нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ 90 ам.доллараас 14000 хүртэл буюу даруй 140 дахин өсчээ. 1966 онд 29 мянган хүн цалинтай ажил хийж, 30 мянган  хүн ажил хийхээр цагаачилж байсны 18 мянга нь Өмнөд Африкийн уурхайг зорьж байж. Далайд гарцгүй, хүн ам цөөн гээд манайхтай төстэй нөхцөлд оршдог тус улс уул уурхайгаас олох орлогодоо дулдуйдан энэ их ахиц дэвшлийг хийж чадсан. Үсрэнгүй хөгжлийн гол нууц нь алмааз эрдэнэс, түүнийгээ зөв ашигласных. Гэхдээ бахдаж сайшаахаа хойш тавиад санаа авчихаар, сургамж болох туршлагыг нь хайлаа. .

Эдүгээ хөрөнгө оруулагчид Ботсванаг хөгжлийн үлгэр жишээ болгон сурталчилж байгаа. Гэхдээ тэглээ гээд манайхан Ботсвана шиг S&P зэрэг агентлагаас А, А+ үнэлгээ авах гээд хөрөнгө оруулалтын орчноо илүү нээлттэй, гадныханд ашигтай болгох учиргүй билээ. “Дэд бүтэц хөгжлийн үндэс” гээд зээл аваад зам бариад байх нь ч утгагүй. Бостванагийн эдийн засгийн өсөлт сүүлийн үед тогтмол буурч байна.

Бид ойрын үед уул уурхайгаа гадныхантай нийлээд эрчимтэйгээр ухаж, (дарга нарын зүгээр бол “хөдөлгөж”) эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлнэ гэж төр засгийн удирдлагууд ам гарч байгаа. Энэ бол муугүй мэдээ. Харин дараа нь хэрхэх вэ. Олсон баялгаа юун зарах вэ. Энэ асуудлыг шийдэхэд Ботсвана улс сайхан жишээ болмоор санагдана. Сайн судлаад үзвэл эдийн засгийн үзүүлэлтүүдийнх нь дунд “Ажилгүйдэл 17,5 хувь” гэх боловч албан бус мэдээгээр 40 хувь гэсэн дэндүү зөрүүтэй тоо ч цохиж явна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, тэнд засаглалын хямрал байгаа гэсэн үг. Ажилгүйдэл нь 40 хувь байхад 17.5 хувь гэж мэдээлдэг Статистикийн газар байгаа гэсэн үг. Ийнгээд бодохоор нэг хүнд ногддог ДНБ-ий 13 мянган ам.доллар ч “даший шог”, жирийн иргэнд огт хамаагүй “тоо” байж таарна.

Канад, Австралийн уул уурхайн менежментээр замнахаар сонгож авсан манай улсын хувьд анхаарал хандуулах ёстой бас нэгэн улс бол яах аргагүй Ботсвана мөн юм билээ. Хэдий дундаж цалин нь манайхаас хоёр дахин өндөр ч уул уурхайгаас хэт хараат болсныхоо горыг амсч эхэлсэн (төсвийн нийт орлогын 1/3-ыг алмаазны экспорт бүрдүүлдэг), төрийн данхар бүтэцтэй (нийт ажиллагсдын 40 хувь нь төрдөө хүчин зүтгэдэг) гээд манай улсад ажиглагдаж байгаа бас цаашид үүсч болзошгүй эрсдлээс сэргийлэхэд тус улс сайхан жишээ болох болов уу. Манайхны тойрч гарах ёстой ийм байдалд яагаад орсон гэдэг нь бидний хувьд ил байгаа шүү дээ.

Дэлхий дахинд хоосон нэр хүндтэй, цаасан дээр эдийн засгийн чадамжтай, үнэн хэрэгтээ иргэд нь ядуу улс болчихгүй л юм сан.