Хэнтий аймгийн Биндэр суманд “Их Хуралдай” орд өргөөний шавыг тавих ёслол болжээ. Энэхүү орд өргөө нь эзэн Чингис хаан Их Монгол Улсаа байгуулан Онон мөрний хөвөөнд Их Хуралдай зарлан хуралдуулсан түүхэн үйл явдал болсон тэр газарт буюу Биндэр сумын нутаг Онон, Хурхын бэлчирт сүндэрлэн босох юм. “Их хуралдай” орд өргөөний шав тавих ёслолд Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, УГЗ, уран сийлбэрч Д.Төртогтох, Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборын төслийн багийн удирдагч Н.Батбаяр, Төслийн гүйцэтгэгч “Мөнх өргөө” ХХК-ийн захирал Б.Батхишигт нар болон нутгийн иргэд оролцлоо.
Хэнтийн аймгийн Биндэр суманд “Хүлэг Боорчи-андлалын өргөө” түүхэн аялал жуулчлалын цогцолборын шав тавих ёслол өнгөрсөн тавдугаар сард болсон бол энэ удаа Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборын шавийг тавьсан нь энэ юм. Ингэснээр Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хоёр дахь томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэллээ. Энэхүү түүхэн цогцолборыг УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнийн санаачилгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам дэмжин ажиллаж байгаа юм. Харин цогцолборын гүйцэтгэгчээр “Мөнх өргөө” ХХК ажиллаж байна.
Монгол төрийн “Их Хуралдай”орд өргөө цогцолборын барилгын ажлын шав тавих ёслолын арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ “1206 оны цагаан барс жилд Монголын эзэнт гүрэн байгуулагдан Их Монгол Улс голомтоо бадрааж байжээ. Тэр үед Их Эзэн Чингис хаан Далай хаан нэртэй болж Вьетнамаас Унгар, Сибирээс Энэтхэг хүрч өргөн уудам газар нутагтай эзэнт гүрэнг байгуулсан. Өнөөдөр 1206 онд Монгол Төрийн “Их Хуралдай” ямар орд өргөөнд хуралдсан байж таарах вэ гэдгийг түүхчид маань судалсны үндсэн дээр томоохон бүтээн байгуулалт хийгдэхээр болж байна” хэмээв. Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборыг бүтээн байгуулахад хоёр тэрбум орчим зарцуулагдах юм байна. Бүтээн байгуулалтын ажлыг 2019 онд багтаан дуусгахаар төлөвлөсөн гэдгийг төслийн гүйцэтгэгч компанийн захирал Б.Батхишигт хэллээ.
Монгол үндэстний өвөрмөц зан заншил, соёл, урлаг, түүх уламжлал тэр дундаа Чингис Хаантай холбоотой газар нутаг, түүх соёлын дурсгалтай танилцах, хүндэтгэх хүсэлтэй дотоод, гадаадын жуулчид, зочдын урсгал жил бүр нэмэгдэх хандлагатай байгаа нь соёлын өвөө хамгаалах, сэргээн амилуулах, бүтээн босгох, дэлхий дахинд монгол түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах боломжийг улам бүр нээж байна.
“Монголын нууц товчоо”-ны 202-р зүйлд “Төдий эсгий туургат улсыг (нэгтгэж) барс жил (1206) Ононы тэргүүнээ хурж, есөн хөлт цагаан туг байгуулаад, Чингис хаанд хан цол тэнд өгөв” хэмээн өгүүлдэг. Энэ тухай мөн Лувсанданзаны “Алтан товч”, Саган сэцэний “Эрдэнийн товч” зэрэг Монголын түүхийн сурвалж бичгүүдэд ч дурдсан байдаг билээ.
Энэхүү Их Монгол улсыг байгуулсан түүхэн үйл явдал болж өнгөрсөн газар нь одоогийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт Онон голын сав дагуу хамаарна хэмээн судлаачид үздэг. Тиймээс Биндэр сумын төвөөс урагш Онон мөрний хөвөөнд Их Монгол Улсын дурсгалын гэрэлт хөшөө босгосон юм. Чингис хаан хан цолонд өргөмжлөгдсөн, анхны Их хуралдай хурж, Их Монгол Улсын гал голомтыг бадраасан уг түүхэн нутагт есөн цагаан тугийн бэлгэдэлт байгууламж бүхий Монгол төрийн “Их хуралдай” орд өргөөг бүтээн босгохоор болжээ.



