Москва хотноо өчигдөр домогт хүүхдийн зохиолч Эдуард Успенский 81 насандаа таалал төгслөө. Наймдугаар сарын эхээр Германд эмчлүүлэн гэртээ ирсэн тэрээр сүүлчийн мөч хүртлээ хорт хавдартайгаа тэмцсэн юм.

Эдуард Николаевич Успенский 1937 оны арванхоёрдугаар сарын 22-нд Москва мужийн Егорьевск хотод төржээ. Тэрээр анхны шүлгүүд, богино өгүүлэлээ сурагч байхдаа бичиж эхэлжээ.

Источник: Кирилл Каллиников Эдуард Успенский, 2014 он

Уран зохиолд дуртай байсан ч Успенский Москвагийн нисэхийн дээд сургуульд суралцан өөрийн бичсэн материалуудаа “Литературная газета” сонинд нийтлүүлж байлаа. 1961 онд  их сургуулиа төгсгөөд гурван жил инженерээр ажиллажээ.

1966 онд “Дөрвүүлээ нэгэн хавтас дор” нэртэй шог зохиолын түүврээ Григорий Горин, Аркадий Арканов, Феликс Камов нарын хамт нийтлүүлсэн нь тэдэнд алдар нэрийн замыг нь нээсэн байлаа. Арканов, Горин хоёр шог зохиолдоо үнэнч үлдсэн бол Успенский хүүхдийн зохиолч гэдгээрээ алдаршив. Түүний ном зохиол зөвхөн түүнийг л илтгэх шоглолоор дүүрэн байв.

Тэрээр 1966 ондоо “Гена матар ба түүний найз нар” ном гаргасан нь Зөвлөлтөд  ихээхэн алдаршжээ. Хожим тэрээр  өөрийн баатруудыг өргөжүүлэн “Чебурашка ба түүний найз нар”, “Гена матарын амралт” зэрэг номуудыг гаргасан байлаа. Мөн түүний “Ид шидийн голоор уруудсан нь”, “Бахрамын  өв” зэрэг номнууд алдартай болжээ.

Гена матар, Чебурашка хоёр алдартай зурмал кинонууд болсон ба 1988 онд  түүний зурмал киноны баатруудад зориулсан  шуудангийн цуврал маркуудыг гаргасан байлаа. Зөвхөн энэ бүгд нь   Успенскийг хүүхдийн алдартай зохиолч гэж түүхэнд бичигдэхэд хангалттай байсан ч 1974 онд “Федор авга, нохой ба муур” гэсэн бас нэг номыг  бичсэн ба  түүгээр зурмал кино  хийгдсэн байлаа. Гэвёч тэр ном өмнөх шигээ алдаршаагүй, хурдан мартагдсан байлаа.

Домог болсон “Простоквашиногийн гурав” гэдэг зурмал кино 1978 онд дэлгэцнээ гарсан ба удалгүй энэ цувралаар дахин хоёр кино хийгджээ.

Успенский телевизид ажилладаг байсан ба “Сайхан нойрсоорой, багачууд аа!”, “АБВГДейка”, “Радио асрагч” нэвтрүүлэгүүдийг бүтээлцжээ. Успенскийн кино зохиолоор “Антошка”, “Рыжий, рыжий, конопатый”, “Дядюшка Ау”, “Баба-яга против!”, “Пластилиновая ворона”, “Следствие ведут Колобки” зэргийн олон мультфильм хийгджээ.