Монголын хамгийн залуу Гавьяат жүжигчин, Улсын драмын балетын эрдмийн театрын гоцлооч, балетчин О.Анужин наймдугаар сарын  8-11-ний өдөр зохион байгуулагдсан Шанхайн олон улсын балетын VI уралдаанд амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ.

Шанхайн Олон Улсын Балетийн “Dance To The Rhytm Of Shanghai” тэмцээн зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна.  Энэхүү тэмцээн нь Олон Улсын дээд зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг юм.

Тэмцээнд 16 орны 125 бүжигчин бүртгүүлсэнээс 73 бүжигчин шалгаран  оролцож байна. Манай улсаас Монголын Олон Улсын Балетийн Анхдугаар тэмцээний гранпри шагналт, залуу гавьяат О.Анужин мөн УДБЭТ-ийн бүжигчин Ц.Хишигжаргал нар эх орноо төлөөлөн оролцож байгаа юм.

О.Анужин өмнө нь Д.Дашлхагва багшаар удирдуулан БНСУ-д зохиогдсон олон улсын балетийн тэмцээнд алтан медаль хүртэж байсан юм. Тэрбээр улсын баяр наадмаар гавьяат цол хүртсэн билээ. Д.Дашлхагва багшийн анхны төгсөлтийн шавь нь гавьяат жүжигчин Д.Алтанхуяг аж.

Тэмцээнд алдартай хоёр балетчин хүндэт зочноор уригдан оролцож байгаанийн нэг нь манай улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг бол нөгөө нь Гүрж улсын алдарт балетчин, Гүрж улсын балет театрын захирал Нина Ананиашвили юм.

“Шанхайн ритмээр бүжиглэе” уриатайгаар явагдан тус тэмцээнд 16 орны 73 балетчин өрсөлдсөнөөс О.Анужин гуравдугаар байранд оржээ.

Тэрбээр тэмцээний тухайд “Шанхайн олон улсын балетын тэмцээнд хоёр жилийн өмнөх амжилтаа ахиулж хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байна. Миний хувьд энэ жил ололт амжилтаар дүүрэн жил өрнөж байна. Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ дахин дахин баярлаж талархсанаа илэрхийлье. Шанхай балетын захирал гайхалтай мундаг хатагтай Шин Ли Ли танд, тэмцээний туршид хамтран бүжиглэсэн Шанхай балетын гоцлооч Юуан Апу , авьяаслаг бүжиг дэглээч Шанхай хотын 1-р зэрэглэлийн гоцлооч үндэсний 1 дүгээр зэрэглэлийн бүжигчин Ву Хушен болон Шанхай балетын нийт хамт олонд маш их баярлалаа. Мөн тэмцээнд оролцох бэлтгэлийг хангаж зааж зөвлөж байсан Д.Дашлхагва багшдаа гүнээ талархсанаа илэрхийлье. Эрхэмсэг хатагтай Шин Ли Ли-тэй хамт” хэмээн Шанхайн бүжгийн төвийн албан ёсны хуудсанд бичжээ.