Зам, тээврийн хөгжлийн яамыг тойрсон асуудлаас үүдэн Засгийн газраас яамны удирдлагын багийг тэр чигт нь өөрчлөх шийдвэрийг өнгөрсөн амралтын өдөр гаргасан. Уг шийдвэрийн дагуу сайдыг түр орлон гүйцэтгэхээр болсон Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр яаман дээр нь ажиллав. Ингэснээр сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар ажлаа хүлээлгэн өгсөн байна.

Зам, тээврийн хөгжлийн яам нь нийт зургаан газар, есөн хэлтэстэй. Засгийн газраас хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэгт нэр холбогдсон болон эс хамаарал бүхий нийт газрын дарга нарыг солих шийдвэр гаргасан. Энэ дагуу зургаан газрын дарга тэр чигтээ солигдох юм. Үүнд, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Төмөр зам, далайн тээврийн бодлогын газрын дарга, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нар багтаж байна.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд хуралджээ. Хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудад хэн хэнийг томилох талаар хэлэлцсэн байна. ЗТХ-ийн дэд сайдад УБТЗ-ын орлогч дарга Л.Халтар, УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрогт нэр дэвшиж байсан Б.Амарсанаа, Ховд аймгийн Засаг дарга асан Д.Галсандондог нар яригдсан байна. Ингээд Удирдах зөвлөлийн гишүүд УБТЗ-ын орлогч дарга Л.Халтарыг дэмжжээ.

МАН-ын удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг танилцууллаа.

Д.Амарбаясгалан “МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хоёр зүйлийг ярилцсан. Нэгдүгээрт МАН 2016 оны сонгуульд ялалт байгуулсан үр дүнгээрээ төрийн бүх түвшинд сонгогдсон томилогдсон албан тушаалтнуудын сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах асуудлаар хэлэлцсэн байгаа. Хоёрдугаарт ЗТХ-ийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ.

ЗТХ-ийн дэд сайдыг томилох асуудлын хүрээнд намын удирах зөвлөл дээр намын боловсон хүчний нөөцөд бүртгэлтэй байсан мөн өөрсдийн хүсэлт гаргасан гээд нэр бүхий  долоон хүний асуудлыг хүлээн авч хэлэлцсэн. Нэр дэвшүүлэх үндсэн үзүүлэлт бол тухайн салбарт ажиллаж байгаа,  мэргэжлийн болон ажлын дадлага, туршлага өндөртэй, энэ салбарыг бүрнэ төлөөлөж ажиллах чадвартай хүн байх ёстой гэж үзсэн. энэ үндсэн дээрээс  Лувсан овогтой Халтарыг ЗТХ-ийн дэд сайдад нэр дэвшүүлсэн. Л.Халтар нь  Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. Тэрээр 1990 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замын орлогч дарга, удирдах албан тушаалд ажиллаж байсан. Одоо УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байгаа юм” гэв.

Лувсангийн Халтар гэж хэн бэ?

Лувсангийн Халтар, 47 настай. Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Яс үндэс халх, нийгмийн гарал малчин. Ам бүл 5, дээд боловсролтой. Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг 1983 онд төгссөн. ОХУ-ын С. Петербургийн Төмөр замын их сургуулийг ашиглалтын инженер мэргэжлээр 1990 онд, ОХУ-ын Эрхүү хотын Төмөр замын их сургуулийг аспирантурт 1995-1999 онд докторын зэрэг хамгаалсан. Удирдлагын хөгжлийн институтыг удирдлагын менежерээр 1993 онд төгссөн.

УБТЗ-ын Удирдах газарт хашаа цэвэрлэгчээр 1980-1983 онд, УБТЗ-ын Худалдааны баазад ачигчаар 1983-1985 онд, УБТЗ-ын Коллежид инженерийн багшаар 1990-1992 онд, УБТЗ-ын АБТЭМА-ын орлогч даргаар 1992-1993 онд, УБТЗ-ын ОУТЗТ-ийн захирлаар 1993-2006 оноос одоог хүртэл ажиллаж байна. 2006-2008 Улаанбаатар Төмөр замын Боловсон хүчний Нийгмийн асуудал хариуцсан Орлогч даргаар ажилласан. 2008-2013 онд  Улаанбаатар Төмөр замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан. 2015-2017 онд Улаанбаатар Төмөр замын Хөрөнгө оруулалт нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан. 2017 оноос одоог хүртэл УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байгаа аж.

МАН-ын гишүүн тэрээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Засгийн газрын хүндэт өргөмжлөл, ОХУ-ын Найрамдал одон, Олон улсын бөхийн холбооны Загалмай одон, Салбарын тэргүүний ажилтан цолтой юм байна.