
Бидний тархи мэдээллийг хүлээж авахдаа урт жагсаалт хэлбэрээр биш, харин хоорондоо холбогдсон сүлжээ маягаар боловсруулдаг онцлогтой.
Гэвч бид өдөр тутмын ажил, хичээл дээрээ хүлээж авсан мэдээллээ дээрээс доош гэсэн шугаман хэлбэрт хүчээр оруулж тэмдэглэх нь түгээмэл.
Уламжлалт энэхүү арга барил нь мэдээллийн эрин зуунд бидний сэтгэлгээний хурдыг гүйцэхээ больж, тархины чөлөөтэй сэтгэх, шинэ санаа олох чадварыг царцааж буй. Иймээс оюуны зураглал буюу mind mapping аргачлал нь бидний төрөлх сэтгэлгээний хэлбэрийг сэргээж, мэдээллийн хэт их урсгал дунд санааг цэгцтэй холбож, бүтээмжийг шинэ түвшинд хүргэх гол түлхүүр болж байна.
Хүний тархи мэдээллийг зөвхөн текст хэлбэрээр бус, харин хоорондоо нарийн сүлжилдсэн холбоосуудаар дамжуулан хадгалдаг онцлогтой. Жишээлбэл, “алим” гэх үгийг сонсох эсвэл унших үед тархинд А-Л-И-М гэсэн үсгүүд бус, харин түүний улаан өнгө, дугуй дүрс, чихэрлэг амт, магадгүй Ньютоны толгой дээр унаж буй дүр зураг зэрэг асар олон холбоосууд нэгэн зэрэг идэвхждэг. Энэхүү төсөөлөл, мэдрэмж, дурсамжийн цогц нэгдэл нь тархины байгалийн хэл буюу “холбоосын сүлжээ” юм. 1970-аад онд Британийн сэтгэл судлаач Тони Бузан оюуны зураглалын аргачлалыг танилцуулахдаа тархины хоёр талыг нэгэн зэрэг ажиллуулах нь ямар чухал болохыг онцолсон байдаг. Зүүн тархи логик дараалал, тоо, үг хэллэг болон дүн шинжилгээг хариуцдаг бол баруун тархи орон зайн баримжаа, төсөөлөл, өнгө, дүрслэлийг удирддаг. Уламжлалт тэмдэглэл хөтлөх арга барил нь голчлон зүүн тархийг идэвхжүүлдэг бол оюуны зураглал нь хоёр талыг нэгтгэн зангидсанаар тархины бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлдэг байна. Үүний үр дүнд хүний тархины бүтээмж нэмэгдэж, мэдээллийг илүү хурдан ойлгож, удаан хугацаанд тогтоох боломж бүрддэг аж.
Сэтгэл судлалын судалгаагаар өнгө, дүрс, зураглал ашигласан мэдээлэл нь тархинд илүү тод “ул мөр” үлдээдгийг тогтоожээ. Мэдээллийг зөвхөн үгээр бус дүрслэлтэй хослуулах нь санах ойд илүү бат бөх хадгалагдах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Нөгөөтэйгүүр, оюуны зураглал нь зөвхөн мэдээлэл цэгцлэхээс гадна шинэ санаа бий болгох, бүтээлчээр сэтгэх таатай орчныг бүрдүүлдэг аж. Улмаар гол санаанаас салбарласан холбоосууд нь бидний бодлыг нэг цэгээс нөгөөд чөлөөтэй шилжих боломж олгож, уламжлалт шулуун логикоос ангид сэтгэх боломжийг олгодог байна.
Тони Бузаны зарчмаар оюуны зураглалыг хийхдээ дараах дөрвөн зарчмыг баримтлахыг зөвлөдөг.
Төвөөс эхлэх: Цаасны голд гол сэдвээ зураг хэлбэрээр эсвэл тод үгээр бичнэ. Ингэхдээ дор хаяж гурван өнгө ашиглах нь чухал. Цаасны голоос эхлэх нь тархинд нэг санаан дээр төвлөрч, тэндээсээ салбарлан олон шинэ санааг төрүүлэх боломж олгодог.
Нэг салаанд нэг үг: Гол сэдвээс салбарласан зураас бүр дээр зөвхөн нэг “түлхүүр үг” бичнэ. Урт өгүүлбэр бичих нь хүний сэтгэхүйг нэг хүрээнд хайрцагладаг бол ганцхан үг нь араасаа хязгааргүй олон шинэ холбоос, санааг төрүүлдэг.
Муруй шугам: Гол сэдвээс гарах шугамууд нь модны мөчир шиг муруй хэлбэртэй байх ёстой. Шулуун шугам нь тархийг залхааж, уйтгартай санагдуулдаг бол муруй зураас нь хүний анхаарлыг илүү татаж, харахад сонирхолтой болгодог.
Өнгө ба дүрслэл: Зураглалдаа зөвхөн үзэг биш, өнгө өнгийн харандаа болон жижигхэн зургууд ашиглах нь үр дүнтэй. Учир нь хүний тархи хар цагаан бичвэрээс илүүтэй тод өнгөтэй зүйлийг маш хурдан хүлээж авдаг онцлогтой.
Нэг үгээр оюуны зураглалыг модтой зүйрлэн ойлгож болно. Цаасны голд байрлах “гол санаа” нь модны их бие, түүнээс салбарлах үндсэн мөчрүүд нь тухайн сэдвийн гол хэсгүүдийг илэрхийлнэ.
Харин цааш нарийсан ургах мөчрүүд нь мэдээллийг дэлгэрүүлсэн түлхүүр үгс болж, бүхэл бүтэн ойлголтыг нэг бүтэц дотор холбож өгдөг. Энэхүү бүтэц нь мэдээллийг зүгээр хадгалах биш, харин утга учиртай холбоос болгон зохион байгуулахад тусалдаг байна.
Судалгаагаар, оюуны зураглал ашигладаг оюутнууд уламжлалт аргаар тэмдэглэл хөтөлдөг оюутнуудаас 10-15 хувиар илүү хичээлээ тогтоодог нь батлагджээ. Тиймээс ч өнөөдөр энэ аргыг сурагчдаас гадна оюун ухааны спортоор хичээллэдэг тамирчид хүртэл асар их хэмжээний өгөгдлийг цэгцлэх, цээжлэхдээ үндсэн зэвсгээ болгон ашиглах болжээ.
“Оюун ухааны академи”-ийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар
Оюуны зураглал нь олон зуун хуудас номын агуулгыг уншаад нэг хуудсанд багтааж буулган, тогтоох боломжийг олгодог.
Уг аргачлал нь зөвхөн боловсролын салбарт төдийгүй томоохон корпорацуудын амжилтад үр дүн үзүүлжээ. Тухайлбал, АНУын Boeing компани 747 онгоцны инженерүүдэд зориулсан хэдэн зуун хуудас техникийн гарын авлагыг ердөө 7.5 метр урттай ганц оюуны зураглалд багтааж чаджээ. Ингэснээр инженерүүд асар том системийн уялдаа холбоог нэг дороос бүхэлд нь харж, сургалтын хугацааг 25 хувиар бууруулсан байна. Энэхүү шинэчлэл нь тус компанид жил бүр 11 сая ам.долларын хэмнэлт авчирсан байдаг. Түүнчлэн Microsoft, Walt Disney зэрэг компаниуд төсөл төлөвлөх, шинэ санаа боловсруулахдаа энэхүү аргыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол ашигладаг аж.
Технологи хөгжиж, мэдээллийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр бид тэр их өгөгдлийг зөвхөн цуглуулах биш, харин ялгаж салгаж, цэгцлэх шаардлагатай тулгарч байна. Өнөөдөр оюуны зураглал нь энэхүү хэрэгцээнд нийцсэн, мэдээллийг ойлгомжтой болгох хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Хэдийгээр XMind, MindMeister зэрэг программууд энэ аргачлалыг дижитал орон зайд төлөвлөх боломжийг олгож байгаа ч, гараар зурах нь тархинд мэдээллийг илүү гүн боловсруулахад туслах давуу талтай.
Энэхүү арга нь зөвхөн тэмдэглэл хөтлөх аргачлал бус, харин аливаа асуудлыг илүү өргөн хүрээнд харж, санаагаа чөлөөтэй илэрхийлэх боломж юм.
Эцэст нь өнөө үед “юу сурах вэ” гэдгээс илүү “хэрхэн сурах вэ” гэдэг нь хамгийн чухал чадвар болжээ. Энэ утгаараа оюуны зураглал нь мэдээллийн далайд зүг чигээ олох луужин болж, шинэ санаа төрөх суурийг бидэнд бий болгож өгч буй.