Монголын нэрийн хуудас болсон амьтны нэг нь яахын аргагүй чоно юм. Монголд байдаг саарал чоно нь чонын овгийн зэрлэг зүйлүүд дундаа хамгийн том биетэй нь. Чоно 300 мянга орчим жилийн өмнө, Хожуу Плейстоценийн үед үүсч, мөстлөгийн үеийг даван өнөө үетэй золгожээ. ДНХ-ийн дараалал болон генетикийн шилжилтийн судалгаанаас үзэхэд саарал чоно гэрийн нохойтой (Canis lupus familiaris) гарал нэгтэй болох нь тогтоогджээ. Энэ дүгнэлтийн зарим хэсэг эргэлзээтэй байгаа боловч ерөнхийдөө батлагдаад байгаа юм. Саарал чонын нэлээд олон дэд зүйл тогтоогдсон боловч, яг хэдэн дэд зүйл байгаа нь мөн л маргаантай. Хамгийн түгээмэл тоо нь 38. Эдгээр 38 дэд зүйлээс 13 нь хэдийнэ устан мөхжээ.
Чоно тархалтаараа хүний дараа орно
Чоно газарзүйн маш олон бүсэд амьдардаг учир биеийн жин, хэмжээ харилцан адилгүй ч ерөнхийдөө хэдий хэрийн хүйтэн болно, төдий хэмжээгээр биеийн жин нэмэгдэнэ гэсэн Бергманы дүрэмд бүрэн тохирдог байна. Бие гүйцсэн чонын сэрвээний өндөр 60-85 см, биеийн урт 105-160, жин 32-62 см. Хойд Америкт зарим чоно 77 кг хүрэх нь бий. 1939 онд Аляскт агнасан чоно 80 кг байсан нь түүхэнд хамгийн том чоно хэмээн тэмдэглэгдсэн байна. Гэхдээ чонын овог дунд “чоно” гэж хэлэхэд хэцүү жижиг төрөл ч бий. Арабын цөлд амьдардаг “Canis lupus arabs” дэд зүйлийн нас бие гүйцсэн эм чоно дөнгөж 10 кг хүрнэ. Эр чоно эмээсээ 20 хувиар том, 12 кг орчим жинтэй байх бөгөөд толгой нь илүү зантгар байдаг.

Хуруун дээрээ 65 км цаг хурдлах чадвартай
Зохиолч Ч.Лодойдамбын “Алтайд” романд чоныг мориор хөөн гүйцэж, яргай ташуураар сарьсан хоншоор руу нь цохин алж байгаа үйл явдал гардаг. Гэвч энэ нь маш ховор тохиолдол юм. Чонын биеийн бүтэц нь гүйх, хөөх, амьтан барихад зохицсон хүчирхэг цээж, уян налархай бие, бахим хөлтэй байдаг. Урд хөлийн тавхай хойд хөлөөс том. Хуруунуудыг холбосон багавтар хальсныхаа ачаар цасанд шигдэлгүй хөөж буй амьтнаасаа хурдан харайдаг онцлогтой. Бас нэг онцлог нь хурдтай харайх явцад тавхайгаараа бус хөлийн хурууныхаа үзүүрээр газарт хүрч харайх тул цагт 65 км хурдлах чадвартай байдаг байна. Иймд амьтан судлаачид чоныг “хуруугаараа явагч” гэж нэрлэх нь бий. Амьтан хөөгөөгүй, эсвэл зугтаагүй үедээ цагт 10 км-ийн хурдтай явна. Хурууны үүрэг үүгээр дуусахгүй. Олны боддогчлон, шээсээрээ биш, хурууны хооронд байх өвөрмөц булчирхайн шүүрлээр эзэмшил нутгаа тэмдэглэдэг байна.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст чоно тархалтаараа хоёрдугаар байрт буюу зөвхөн хүний тархалтын дараа орж байсан үе бий. Гэтэл өнөөдөр маш олон газарт устсан байна. Өнөөдрийн байдлаар Европын Испани, Украин, ОХУ, Беларусь, Португали, Итали, Польш, Скандинавын улсууд, Балкан болон Балтийн тэнгис орчмын улсуудын нутагт үлдсэн. Хойд Америкт Аляскаас Мексик хүртэл тархсан. Азид Энэтхэг, Хятад, Гүрж, Афганистан, Азербайжан, Казахстан, Киргизстан, Иран, Ирак, Балба, Бутан, Монголд тархсан. Харин Солонгост цөөн тоотой, Японд /Canis lupus hodophilax/ гэсэн дэд зүйл байсан нь устсан байна. Чоно идэш тэжээл болдог амьтдынхаа хамгийн сул дорой эсвэл өвчтэйг нь барьж устгах байгалийн “эрүүлжүүлэгч”-йин үүрэг гүйцэтгэдэг. Хүмүүс энэ үүргийг нь мэддэггүй байхдаа маш олон улсад чоныг устгасан. Харин энэ үүргийг нь мэддэг болсноос хойш нэлээд олон улсад чоныг дахин нутагшуулах ажил явагдах болсон билээ.
Өгүүллийн гол баатар маань байгалийн олон янзын бүс бүслүүрт амьдрах чадвартай. Жинхэнэ цөл, битүү ширэнгэн ойд л таарахгүй. Хүнтэй ойр амьдарч ч чадна. Өвөл 30-60 км эзэмшил нутагтай байна. Харин хавар, зун хос хосоороо салж амьдрах тул энэхүү эзэмшил нь жижиг хэсгүүдэд хуваагддаг. Сүргийн хамгийн тохиромжтой газрыг сүргийн тэргүүн хос эзэмшинэ. Бусад нь зэрэг дэвээрээ бусад хэсгийг нь эзэмшдэг. Харин тал, тундрын чононууд идэш тэжээл болдог амьтдаа даган нүүдэллэнэ.
Сүргээрээ байгаа чоно баавгайнаас ч үл айна
Чоно хадан агуй, хонгил, шигүү бутан дотор үүрлэнэ. Мөн тарвага, дорго, үнэг гэх мэт амьтдын үүрийг ашиглана. Хэрэгцээ гарвал өөрсдөө нүх ухаж үүрлэнэ. Үүрнээсээ 7-10 км-т зайд ан хийхгүй. Бэлтрэгнүүдээ томронгуут байнга нэг газарт үүрлэх шаардлагагүй болж тэнэж эхэлнэ. Чонын гол идэш тэжээлийг цаа, марал буга, хандгай, бор гөрөөс, бодон гахай, хүдэр, янгир, аргаль, янз бүрийн зүйл зээр зэрэг тууртан бүрдүүлнэ. Мөн гэрийн малд халдахаас гадна нохойг хүртэл барина. Хүнд халдах нь ч цөөнгүй. Ганцаараа байгаа чоно туулай, тарвага, зурам янз бүрийн хулгана хэлбэрт болон шувуу, өндгөөр ихэвчлэн хооллоно. Мөн үнэг, нохой зээх, хярс төдийгүй өлөн чононууд ичээндээ байгаа баавгай руу ч довтлох нь бий. Бас мэлхий болон царцаа, том цохоор ч хооллоно. Ялангуяа халуун дулаан бүсэд амьдардаг чоно мөөг, жимс, ногоогоор хооллоно.

Чоно ба популизм
Монгол орон бол чоно хамгийн их тархан нутагладаг цөөхөн бүс нутгийн нэг. Ан амьтныхаа тоог харьцангуй бодитой гаргаж чаддаг социализмын үед ямар ч зөвшөөрөл шаардахгүйгээр агнаж болдог ганц амьтан нь чоно байсныг түүх гэрчилнэ. Чоно бол үр төлөрхөг амьтан.
Чоно идэш тэжээл болдог амьтдынхаа хамгийн сул дорой, эсвэл өвчтэйг нь барьж устгах байгалийн “эрүүлжүүлэгч”-ийн үүрэг гүйцэтгэдэг тухай дээр өгүүлсэн. Гэхдээ мал аж ахуй голлосон манай улсад асуудал арай өөрөөр яригдана. Тодруулбал, чоно зэрлэг амьтдаар хооллохдоо сул доройг нь барьдаг боловч мал сүрэг дунд орохоороо хэдэн арав, зуугаар нь устгадаг онцлогтой. Учир нь ямар ч сайн мал биеэ хамгаалах, зугтах чадварын хувьд өвчтэй зэрлэг тууртнаас хамаагүй сул байдагт оршино. Тиймээс чоно төрөлх зөндөө хөтлөгдөн сул доройг барьж устгах байгалийн эмчийн үүргээ гүйцэтгэж байгаа нь тэр. Үлгэр домогт энэ талаар “бурхан багш зуугаас ганцыг хүртэж яв” гэснийг “Зуугаас нэгийг үлдээ гэнэ үү” гэж сонссон” гэх мэтээр тайлан өгүүлсэн байдаг ч онцгой хэрцгий зангийнх нь бодит шалтгаан ердөө л энэ юм. Энэ бол чонын буруу биш, харин хор хөнөөлийг нь мэддэгийн хувьд, мал аж ахуй хөгжсөн улс тоо толгойг нь багасгах үүргийг өөртөө авдаг жишиг тогтжээ.
Социализмын үед улсаас жилд намар, хаварт хоёр удаа чонын тоо толгойг бууруулах кампанит ажил зохиодог байв. Хаварт үүрнээс бэлтрэг суйлдаг бол намрын ав хоморго арьс үсийг нь авах зорилготой боловч тоо толгойг нь цөөрүүлж байгаа гэдгээрээ ижил байжээ. Малчид агнасан чоно бүрийнхээ төлөө нэжгээд хонь хүртдэг байлаа. Арай хожим хонь биш, 25 төгрөгөөр үнэлэх болжээ. Ингэхдээ сарьсан хоншоороор нь тооцоо хийдэг, арьс үсийг нь анчин өөртөө авах боломжтой учраас гойд үр дүнтэй байж. Ийм аргаар жилд 5000 орчим чоно агнадаг байсан гэсэн тооцоо бий. Харин ардчилал ялснаас хойш энэ бодлого алдагджээ. Үүнд хэд, хэдэн хүчин зүйл нөлөөлснөөс, хот, хөдөөгийн иргэдийн мэдлэгийн зөрүү, албан тушаалдаа шигдсэн, мэргэжлийн бус удирдлагуудын унхиагүй байдал хамгийн их жин дарна.
Олон нийтийн сүлжээнд байнга онлайн байдаг ажилгүй нөхдүүд “Байгалийн эмчийг ийм олноор нь авлаж болдог юм уу” гэсэн шуугиан гаргаж, ард олны дургүйцлээс айсан бодлогын яам чонын тоо толгойг цөөрүүлэх алхам хийхээ азнаж орхисон. Үр дүнд нь 2013, 2014, 2015 онд урьд хожид байгаагүй олон хүн галзуу чононд бариулсан билээ. 243 чоно агнасан Говь Алтайд биш, Хөвсгөл, Увс, Өвөрхангай, Хэнтий аймагт ихэнх тохиолдлууд бүртгэгдсэн юм. Чоно галзуурна гэдэг нь тоо толгой нь хэтэрхий ихэссэний шинж аж.

Тиймээс дээрх нутагт чонын тоо толгойг бууруулах талаар ажил зохиох ёстой байтал өнөөг хүртэл нүдэн балай, чихэн дүлий сууж байгаа нь харамсалтай. Яамны эрхтэн, мяндагтнууд “Чонын тоо толгойг устгалаа, чоно мөхлөө” гэсэн ард иргэдийн дургүйцлээс л эмээж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл хамгийн инээдтэй нь, айгаад байгаа ард түмэн нь олон нийтийн сүлжээнд хандах боломжтой иргэд буюу хотынхон байгаа юм. Хотын иргэд бол чонын хөнөөлийн талаар мэдэхгүй. Эргэн тойрон задгай сумын төвийн сургууль руу жаахан хүү, охиноо явуулдаг эцэг, эхийн зовинолыг мэдэхгүй. Үйлээ үзэж цуглуулсан хэдэн малыг нь хээрийн боохой юу ч үгүй идэж, хотыг нь хувхайлахын муухайг мэдрээгүй улсууд шүү дээ. Тэгээд ч тэд талын чоно ховордож, бусад нутгийн чоно тоо толгой нь олшрон хүн барьж идэхдээ тулсныг мэдэх ч үгүй. Монгол нутгийн чоно “саарал” гэсэн нэг л зүйл боловч зүүн хэсэг буюу Дорнод, Сүхбаатар аймагт тархсан талын чоно нь баруун, хойд нутгийн чоноос бие бялдар, идэш тэжээлээ олж идэх арга барилын хувьд маш их ялгаатай. Ойн чоно нь идэш тэжээл болох амьтнаа олон хоног дагаж, унтуулахгүй ядрааж барьж иддэг онцлогтой учир олноороо буюу 20, 30-аараа сүрэглэдэг. Талын чоно болохоор идэш тэжээл болох амьтнаа өртөөчлөн хөөж, ганц, хоёрхон цагийн дотор барьдаг учраас цөөнөөрөө сүрэглэдэг. Таван чонотой сүрэг нь талын чонын хувьд томд тооцогддог аж. Ойн чоно, талын чоно ялгаагүй, өөрсдийн эзэмшил нутагтай боловч ойн чоно нь хоорондоо эзэмшил нутгаа булаацалдан аймшигтай тэмцэл өрнүүлдэг байна. Ойн чонын үхэл хорогдлын 90 хувь нь эзэмшил нутгийн заагт тохиолддог нь судалгаагаар батлагджээ.

Харин талын чоно өөр. Таван чонотой сүрэг байлаа гэхэд эзэмшил нутагт нь ганц нэгээрээ, хоёр гурваараа явж ан хийдэг жижиг сүрэг байж л байдаг. Том ан агнахаараа нэг, нэгнээ ульж дуудаад хүчээ нэгтгэдэг аж. Чухамхүү тархай бутархай явдаг энэ онцлогоос нь болоод нутгийн иргэд “Тэнд гурван чоно явж байсан”, “Би яг тэр үед чинь энд таван чоно харсан”, “Чоно арай дэндлээ” гэлцэн алж устгасаар тоо толгойг нь ховордуулжээ. Задгай талд чоно хөөх нь ууланд чоно хөөхөөс амар учир хотын жийптэй “анчид” ирж агнадаг нь ч нөлөөлсөн байна. Тиймээс Байгаль орчны яам талын чоныг агнахыг хориглосон. Одоо ч хориотой хэвээр. Энэ мэдээллийг л хальт, мульт сонссон хотын нөхдүүд баруун аймагт 243 чоно алсныг дуулчихаад “Ховордсон чоно агнаад байхад яам юу хийгээд байгаа юм бэ” гэж орилсон хэрэг. Яам ч гэж яам, баруун аймгуудад чонын тоо толгой хэрээс хэтэрч, байгаль эх өөрөө зохицуулалт хийхээс аргагүй болсныг мэдсээр байж учраа мэдэхгүй “хар масс”-ын хэл амнаас айж л байдаг. Ан, амьтнаа мэддэг судлаачидтай уулзахад “Чонын тоо толгойг цөөлөхийн тулд төрөөс бодлого гаргаж ажиллах ёстой, урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй. Галзуу чононд хазуулж хохирсон иргэд ажлаа хийж чадахгүй байгаа яамыг шүүхэд өгсөн ч болно” гэсэн байр суурийг илэрхийлж байсан билээ.
Чоно валютын эх булаг
Чонын тоо толгойг хэт өсгөж болохгүйн адил бүрмөсөн устгаж мөн болохгүй. Чоноо бүрмөсөн устгасан улс орнуудад буга, зээр гөрөөс, туулай зэрэг ан, амьтны тоо толгой цөөрч, дахин нутагшуулахад эргээд өссөн баримт бий. Тиймээс чоноо бүрмөсөн устгасан баруун Европын улс орнууд дахин нутагшуулахад их хэмжээний хөрөнгө мөнгө зарж, гаднаас бэлтрэг худалдаж авдаг байна. Манай улс ч гэсэн 2000-аад оноос өмнө бэлтрэг экспортолж байжээ. Анчдын нийгэмлэгээс зохион байгуулан хийж байсан энэ ажлыг нөгөө л “чононд хайртай” хотынхны буянаар салбарын яам зогсоочихсон гэдэг. Үүнээс хойш Канад улс бэлтгэрний экспортод монополь болж, жил бүр олон сая ам.доллар олох болсон байна. Харин Монгол улс мартагдаж хаягджээ.