УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд Украйн, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The Rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд тоглож байна. Уг кино ирэх онд Украинд нээлтээ хийх юм байна. “Kinorob Cinema Day” кино компани Украины төрийн кино нэгтгэлтэй хамтран бүтээж буй адал явдалт киноны үйл явдал 1241 онд өрнөх аж. Монголын эзэн хаан баруун зүгт аян дайнд мордож, замд тааралдсан болгоныг хүйс тэмтэрнэ. Их цэрэг Карпатын уулсыг даваад түр буудаллах шөнө нутгийн анчин Беркутээр удирдуулсан хэсэг Монголын цэргийн хуаранд нууцаар нэвтэрч, олзны хүмүүсийг сулладаг аж. Эзэн хаан ихэд хилэгнэж тэр нутгийг үнсэн товрог болгох зарлиг буулгана. Олзонд шунаж урвасан  нэгэн эр монголчуудад уулын нууц жимийг зааж өгснөөр нутгийнхан хүнд байдалд орно. Энэ үед  Беркутээр удирдуулсан хэсэг анчин монголчуудын эсрэг тэмцэхээр босдог тухай кинонд өгүүлдэг ажээ.

Нийт 110 минут үргэлжлэх энэ киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулжээ. Кинонд “Die Hard 2”, “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган нараас гадна Монголын жүжигчин Ц.Цэрэнболд тоглож байгаа юм. Тэрээр “Аав”  киногоороо олны танил болсон билээ.

Кино зураг авалтыг Карпатын ууланд зургадугаар сараас есдүгээр сар хүртэл хийх аж.