Дэлхий дэлэгнэх цагаар дэнж хотойтол нааддаг Монгол түмний их баяр цэнгэл наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Монголчууд эрийн гурван наадмаас бөхдөө илүү дуртай, бөхөө үзээд л баярлачихдаг гэхэд хэтрүүлсэн болохгүй. Тэгвэл наадмын гол баатрууд болсон бөхчүүд маань уламжлал ёсоор нутаг, нутгаараа гал болон гарч, бэлтгэлээ ид базааж байна.
Өнгөрсөн жилийн наадмын түрүүг авсан “Хөвсгөлийн хүчтэн дэвжээ”-ний бөхчүүд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт, улсын заан С.Хүрэлбаатарын үүсгэн байгуулсан “Хүрэлтулга” сэргэлтийн баазад бэлтгэлд гарчээ. Дархан- Уул аймгийн “Дархан хайрхан” дэвжээ 3улзагын голд, Говь-Алтай аймгийн “Хантайшир дэвжээ” Цонжин болдогийн “Мандал” амралтад гарчээ. Өмнөговь аймгийн бөхчүүд мөн Цонжин болдгийн ар руу бэлтгэлд гарсан гэнэ. Манай сурвалжлагын багийнхан энэ жил 20 жилийн ой нь тохиож буй “Увс нуур” дэвжээнээс сурвалжлага бэлтгэхээр өнгөрсөн лхагва гаригт Харзтайг зорьсон юм.

Цонжин болдогоос чанх хойш шороон замаар 12 км яваад “Увс нуур” гал байрлаж буй “Шүтээн” амралтын газарт очдог юм байна. Амралтын газрын бараа харагдахтай зэрэгцээд хойд уулан дээр нь байх “Бөхийн овоо” тодроод ирэх аж. Хавраас хойш хур борооны бараа хараагүй байсан уул тал саяхны борооноор сэргэн өнгө засчээ. Биднийг очиход бөхчүүд үдийн хоолондоо ороод гарч ирж байв. Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан О.Одгэрэл тэргүүтэй бөхчүүдтэй зоогийн газрын үүдэнд таарч хэрэг зоригоо хэлэхэд “Ярилцлага авах юм уу” хэмээн уриалгахан хүлээж авлаа. О.Одгэрэл заан “Эхлээд юу ч гэсэн хоол унд идчих. Тэгээд манай дэвжээний багш Б.Ганболдоос мэдээлэл авчих, орой би өгье” гэнэ. Бөхийн галууд наадам дөхөх тусам хаалттай болдог нь бичигдээгүй хууль.
Ийм үед нь бөхийн гал сурвалжлах гэж очоод олигтой “олзгүй” буцсан удаатай тул зааны үгийг сонсоод сэтгэл хөнгөрөөд явчихав. “Увс нуур” бол энэ жил 20 жилийнхээ ойтой золгож буй ууган галын нэг. Анх 1998 онд галын зохион байгуулалтад орж, араас нь бусад аймгууд дагажээ. Галаас төрсөн анхны цолтон арслан Б.Ганбат. Тухайн үед начин цолны босго алхаж байж. 2009 оноос дахин зохион байгуулалтад орсноор амжилт нь улам ахиж өнөөдөртэй золгожээ. Тэгш ойгоо жилийн турш цувралаар тэмдэглэж байгаа аж. Энэ оны дөрөвдүгээр сард “Оргилд тэмүүлсэн он жилүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, монгол бөхийн хөгжил, Увсын бөхчүүдийн үзүүлсэн амжилт, чансааны тухай илтгэлүүдийг хэлэлцүүлсэн бол үргэлжлүүлээд Увс нутагт мэндэлсэн олимп, дэлхийн аваргуудын нэрэмжит жүдо, чөлөөт бөхийн багийн болон самбо бөхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн хийж, галынхаа 20 жилийн түүхээр сэтгүүл хэвлүүлжээ. Удахгүй бас ном гарна гэнэ. Ойн барилдаанаа хийх байсан ч хуулийнхан Бөхийн өргөөг лацадсан тул бусад заал нь жижигдээд намраас хийхээр болсон гэнэ.
Өнгөрсөн хугацаанд улсын наадмаас дөрвөн түрүү, таван үзүүрийг Увс нуур галын бөхчүүд авчээ.
“Увс нуур” гал дэргэдээ 2013 онд жүдо, 2014 онд чөлөөтийн дэвжээ байгуулан залгамж халаагаа давхар бэлтгэж байна. Мөн Увс аймгийн сум болгонд жүдо бөхийн дэвжээ байгуулсан нь энэ галынхны алсын харааг илтгэх биз ээ.

“Увсын ямар ч залуу бөх өөрийн гэсэн нэг дархан мэхтэй. Түүнийгээ ямар ч хүнтэй барилдсан хийгээд амждаг” гэж нэг бөх хэлж байж билээ. Тийм залуучууд бэлтгэл хийгээд эхэлбэл чангаралгүй хаачих вэ. “Дэвжээний наадам нь зааланд багтаагүй” гэсэн яриа ч Увсынхантай холбоотой. “Увс нуур” галыг энэ жил самбо бөхийн дэлхийн аварга, МУГТ, улсын заан Очирын Одгэрэл ахалж, багш, дасгалжуулагчаар аймгийн арслан Б.Ганболд ажиллаж байгаа юм байна.
Энэ жил наадмын цугларалтад 50 бөх бэлтгэлд гарах ёстойгоос 43 нь иржээ. Бөх цөөтэйдөө тэгсэн юм биш. Увс аймаг бөх сайтай, бөхчүүд олонтой. Харин галын удирдлагаас “Бэлтгэлд хамрагдах бөхийн тоог 50-иас илүү гаргаж болохгүй” гэсэн удирдамж өгсөн учраас аймгийн наадамд барилдах бөхчүүд нь тусдаа гарсан гэнэ.
Амралтын газрын голд байх “Бал даргын гэр”-т тухлан Б.Ганболд дасгалжуулагчтай ярилцлаа. Түүнийг Японы мэргэжлийн сүмод Токүсэгава хэмээх нэрээр Монголынхоо нэрийг гарган барилдаж байсан гэдгээр нь бөх сонирхогчид андахгүй. Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой тэрээр өнгөрсөн жилийн аравдугаар сараас “Увс нуур” дэвжээний дасгалжуулагчаар ажиллаж байгаа аж. “Увс нуур” галын бөхчүүд бүтэн жилийн турш бэлтгэлтэй байдаг. Өвлийн бэлтгэлээ “Есөн Эрдэнэ” хотхоны зааланд 2-3 жил хийж байгаад өнгөрсөн жилээс Цагдаагийн авто баазын зааланд бэлтгэл хийх болсон гэнэ. Шинэ газар зохиж, өнгөрсөн жилийн отгон барилдаан (Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөрт зориулсан)-ы түрүү, үзүүрийг авчээ. Бөхчүүд нь жилийн турш бэлтгэлтэй байсан болохоор Одгэрэл заантай зөвшилцөөд одоо сэргэлтийн бэлтгэл хийлгэж байгаа аж. Сарын 1, 2, 11, 12, 21, 22-ны өдрийг “Наадмын циклийн өдөр” гэж тооцон өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг юм байна. Бидний очсон өдөр циклийн өдөр таарсан тул өглөө, орой хоёр удаа барилдааны бэлтгэл хийнэ гэж байв. Гэхдээ өндөр цолтнууд оройн бэлтгэлд гарахгүй гэлээ. Монгол бөхийн бэлтгэл хангах эртний арга болох голын урсгал сөрж дүнз түрэх, усанд гүйх дасгалуудыг ч хийж байгаа гэсэн нь сонирхол татав.
“Увс нуур” галын сорилго гэж алдартай сорилго болдог. Хөрш зэргэлдээ Баян-Өлгий, Өмнөговь, Говь-Алтай аймгийн галаас хүчтэнүүд ирж оролцдог, наадмын дайтай чанартай барилдаан болдог.
“Увс нуур”-чууд энэ жил сорилго барилдаанаа энэ сарын 30-ны өдөр хийхээр болжээ.

Бөхчүүд хөлбөмбөг их сонирхдог. 1998, 2002 оны үед бөхийн галаар очиход хөлбөмбөг асуусан фанатууд л угтдаг байж билээ. Өдгөө амралтын газрууд телевизтэй, хүссэн сувгаа үзэх боломжтой болсон ч фанатууд хөлбөмбөг ярьсаар. Зоогийн газарт таарсан С.Батсуурь начин ч хамгийн түрүүнд хөлбөмбөг ярина лээ. Тэрээр “Хаан спорт”-ын талаар шаггүй мэдлэгтэй нь анзаарагдаж байлаа. Тэнд бид бөхчүүдийн зооглодог илчлэгтэй амтат хоол хүртэнгээ хөлбөмбөг ярих сайхан байв. Байгалийн хувьд харзтай нь уул, ус, ургамал ногоо тэгширсэн сайхан газар аж. Амралтын газрын баруун урд уулын энгэрт цагаан чулуугаар монгол бөхийн дүрс өрсөн байх нь холоос хараа булаана. Дээхэн талд нь Бөхийн овоо гэж нэршсэн овоо байх. Харзтайн амралтад 1970, 1980-аад оны үед “Алдар” спорт хорооны бөхчүүд бэлтгэлд гардаг байжээ. “Алдар”- ын бөх, улсын аварга Д.Хадбаатар наадамд түрүүлдэг жилээ буюу 1976 онд уг дүрсийг шохойгоор зурсан гэнэ. Түүнээс хойш бэлэгшээн бэлтгэлд гарсан бөхчүүд жил бүр сэргээдэг байснаа сүүлд чулуугаар өрөн “мөнхийн” болгосноор бөхчүүд очиж хүндэтгэл үзүүлдэг, шүтээн нь болсон газар болжээ. Төр засгийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбал даргын амарч байсан гэх гэр бас л “Увс нуур” галд ирээд харсан сонин дурсгал. Хоймортоо Бал даргын хөргийг залсан, даруухан хогшилтой тэр гэрт даалгавар аваагүй л бол цолгүй залуу бөхчүүд орох ч эрхгүй байдаг гэх юм билээ. Харин О.Одгэрэл заан зөвшөөрснөөр бид Б.Ганболд дасгалжуулагчтай тэрхүү гэрт яриа өрнүүлсэн юм.

Бөхчүүд оройны бэлтгэлдээ гарчээ. Бид Баян-Өлгийн галаар зочлоод ялимгүй хоцорч очсон юм. Б.Ганболд дасгалжуулагчийн хэлснээр аварга арслангууд гарч ирсэн ч бэлтгэлд орсонгүй. Цолтнуудаас улсын харцага Т.Баасанхүү, улсын начин С.Батсуурь нараас гадна аймгийн арслан Ц.Мөнхбаяр, Д.Тогтохжаргал, Л.Цээсүрэн тэргүүтэй залуучууд тачигнатал барилдаж байв. Бэлтгэл 10 минутын барилдаан, нэг минутын амралт, 10 минутын барилдаан гэсэн зарчмаар явагдаж байв. Энэ маягаар хоёр цаг бэлтгэдэг аж. О.Одгэрэл заан, Б.Ганболд дасгалжуулагч хоёр бөхчүүдийн дундуур явж, барилдаан дуусахад хэн, хэнтэй барилдахыг хэлж өгнө. Б.Ганболд гартаа сур барьжээ. Улсын аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь нар ч ирчихсэн сууж харагдана. Аварга, арслан хоёр өөрсдөө барилдахгүй ч хэвтээд босохгүй янгууч нэгийг “Юугаа хийгээд байгаа юм бэ, бос, барилд” хэмээн зандарч, эвээ олохгүй заримд нь мэх зааж өгөх юм. “Увс нуур” галаас дээр дурдсан аймгийн арслангуудаас гадна О.Гантулга, Б.Ганзориг, Т.Сүрэнжав зэрэг туршлагатай бөхчүүд улсын цол хүртэхээр бэлтгэлээ чамбайруулж байна. Бэлтгэлийн дараа О.Одгэрэл заантай уулзаж ярилцлаа. Заан 2001 онд анх “Увс нуур” галд бэлтгэлд гарч, тэр жилдээ л улсын заан хэмээх хүндтэй цолны эзэн болж байжээ. Анх гарч ирэхдээ нэг гэртэй, бусад нь майханд байрлаж байсан тухай гэгээн дурсамжаа бидэнтэй хуваалцлаа. “Наадмаар хэнийг начин болно гэж найдлага тавьж байна вэ” гэсэн асуултад зааны өгсөн хариулт тун ч “баавартай”.
“Цол авчихаар залуучууд байгаа. Гэхдээ манай галын хувьд хэн начин болох бол гэдэг сонин биш. Манай гал бол наадмын түрүү авдаг, түрүү бөхийг бэлтгэдэг амбицтай гал. Яах вэ, залуучууд доогуур цол авах нь авна л биз” гэж итгэлтэй хариулсан юм.
Сүүлийн жилүүдэд монгол үндэсний бөх өөрчлөгдөн хөгжиж, өөрийн гэсэн сургалтын арга зүй, сургуулийг бий болгосон гэж О.Одгэрэл заан онцоллоо.
“Миний үед их спорт буюу чөлөөт, жүдо бөхийн суурьтай тамирчид өндөр амжилт үзүүлдэг байлаа. Одоо харин энэ байдал өөрчлөгдөж, цэвэр үндэсний бөхөөр дагнасан бөхчүүд амжилт гаргадаг болж. Энэ бол үндэсний бөх өөрийн гэсэн сургуултай болж байгааг харуулж байна” гэж тэрээр ярьсан юм. Наадмын бэлтгэлд хамрагдсан 50 бөхийн дотор жүдо, чөлөөтийн суурьтай бөх нэг ч байхгүй гэнэ. “Увс нуур”-т бэлтгэл хангаж буй 50 бөхөөс 20 гаруй нь улсын наадамд зодоглож, үлдсэн нь аймгуудын наадамд барилдах аж. Бөхийн холбооны хуваагдал бөхчүүдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар заанаас хувийн бодлыг нь асуухад заан “Наадам болдгоороо болж, бөхчүүд барилддагаараа барилдаж ард түмнээ цэнгүүлнэ. Яагаад гэвэл энэ бол Монгол төрийн наадам болохоос бөхийн холбооны наадам биш” гэж хариулсан юм.

Сүүлийн хоёр жил дараалан улсын цолтон төрүүлсэн Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” галаар буув. Тэднийх “Увс нуур” галтай айлсаад гурван жил болж байгаа юм байна.
Галын ахлагч Б.Баатарцол начинтай гэрт нь уулзлаа. “Зочдод цай авч ир” хэмээн залуу бөхөд хэлэхэд төд удалгүй халуун, аагтай цайгаар дайлсан юм. Ер нь “Өлгийн хүчтэн” дэвжээнд ч, “Увс нуур” дэвжээнд ч энд, тэнд аж ахуйн ажил хийж яваа залуу бөхчүүд олон байсан. Өндөр цолтой бөхчүүд доод үеийн бөхчүүддээ зааварлаж зөвлөн, тэднийг “зарах” нь бичигдээгүй ёс гэлтэй. Залуу бөхчүүд ч улсын цолтой бөхчүүддээ “зарагдах” нь хүндэлж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ дэргэд нь байж үг сонсох нь тэдний хувьд эрхэм гэдэг нь алхам тутамд мэдрэгдэж байлаа. Өлгийн хүчтэнүүд галын хувьд аймгийн арслан К.Канат бэлтгэл сургуулилт дээр зөвлөж, аймгийн арслан Н.Мустафа бусад ажлыг хариуцан “Дэвжээгээ авч явдаг” гэж Б.Баатарцол начин бидэнд танилцуулав. Б.Баатарцол, Б.Серик начнаас гадна аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан М.Эркебулан, Н.Мустафа тэргүүтэй 32 бөх энд бэлтгэл хийж байна. Өлгийн бөхчүүд хотод өөрийн байрандаа жилийн турш бэлтгэлтэй байдаг. Нийтдээ 50 гаруй бөхтэй гэнэ. Анх ирж байснаа бодвол нэлээд тохижиж, бөхчүүд ая тухтай нөхцөлд бэлтгэл хийх боломж бүрджээ. “Энд ирсээр сүүлийн хоёр жил дараалаад улсын цолтой бөх төрлөө. Бидэндээ их ээлтэй газар болчихлоо. Тиймээс цаашдаа төвхнөж, гал шиг гал болчих гээд үзээд л байна” гэж Б.Баатарцол начин өгүүлсэн. Бэлтгэлийн хувьд төлөвлөгөөнөөсөө хамаараад өдөр бүр өөр гэнэ. Зарим өдөрт хоёр удаа, зарим өдөр нэг удаа бэлтгэл хийж, бэлтгэл хийлгүй өнжих үе ч байдаг аж. Биднийг очсоны дараа бөхчүүд 16.00 цагийн бэлтгэлдээ гарлаа. Бэлтгэл хийх арга нь сонин санагдав. Нэгнийгээ ядарч унатал нь амраалгүй ээлжлэн барилдах юм. Энэ аргаа “Дайралтад орох” гэж нэрлэдэг юм байна. Өлгийн хүчтэнүүдээс улс, аймгийн цолтнууд нь аргагүй л бусдаасаа ялгарч харагдана. Одоохондоо арай “нимгэн” ч нуруу сайтай залуус олон байна. Боксын спортын ОУХМ Т.Эрболат ч тэнд бэлтгэл хийж байв. “Гайгүй бөх болох хүүхэд бокс хөөгөөд явчихсан юм. Одооноос буцаж ирж байгаа нь сайн” гэж Б.Баатарцол начин хэлнэ лээ. “Өлгийн хүчтэн” галаас улсын хоёр начин, аймгийн гурван арслан нь улсын наадамд зодоглож бусад бөхчүүд нь аймгийн наадамд барилдах юм байна.
Бөхийн холбоо тойрсон маргаанаас болоод энэ жил сорилго барилдаан хоёр “тасарч” магадгүй эгзэгтэй нөхцөл үүсээд буй. Мэдээлэлгүй зарим нь “Улсын наадам болох юм уу” гэж ч санаа зовж суугаа сураг дуулдсан. Гэхдээ энэ бол албан тушаалд дуртай хэдхэн хүний үйлдэл, харин бөхчүүд маань бэлтгэлээ жигдлэн, төрийн наадмаа хоног тоолон хүлээж байна. Монгол наадмын сүлд хиймор мөнх орших болтугай.