2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж 65 (Д.Гантулга гишүүнийг чөлөөлснөөр 64) суудалтай болсон МАН-ын мөрийн хөтөлбөрт “Үндсэн хуульд өөрчлөлт оруулна” гэсэн заалт бий. Өмнөх парламентууд ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого хийж байв. Тиймээс энэ удаагийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж тодорхой ажлууд зохион байгуулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг боловсруулсан төслөө өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Танилцуулсан төслөөс нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг зохицуулсан заалтуудыг нь онцлон хүргэж байна.

УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сайжруулах заалтууд

27.7. УИХ-ын гишүүн чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд биеэр оролцож, өөрийн итгэл үнэмшлээр санал өгнө.

29.4. УИХ-ын гишүүн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь түүнийг гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.

21.3. УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 30 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.

27.2. УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.

27.6. УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг УИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар батална.

29.1. УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

УИХ өнгөрсөн долоо хоногт С.Бямбацогт, Д.Хаянхярваа тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Уг хуулийн төслүүдэд ч УИХ-ын гишүүдын хариуцлага болоод парламентын үйл ажиллагааг сайжруулах заалтууд багтжээ. УИХ-ын дарга захирамж гарган дээрх хоёр хуулийн төслийг нэгтгэн боловсруулах ажлын хэсэг байгуулахаа мэдэгдсэн. Нэгтгэн боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэн баталсан тохиолдолд Үндсэн хуульд дээрх заалтуудыг оруулах шаардлагагүй болно гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байлаа. Харин УИХ-ын сонгуульд нэр дэвших насны доод хязгаарыг таван насаар нэмж 30 болгох санал дэмжигдэх магадлал өндөр юм. Ялангуяа УИХ-ын гишүүн асан  Д.Гантулгын үйлдэл энэ заалтыг дэмжих том шалтгаан боллоо. Гэхдээ үүнийг эсэргүүцэх гишүүн ч бий.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

Д.Гантулга гэдэг залуугийн алдаан дээр дөрөөлж эрх баригч нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа 30-аас доош настай залуусыг УИХ-д нэр дэвшүүлэхийг хориглох гэж байна. Д.Гантулга алдсан байж болно. Гэхдээ түүний алдаан дээр дөрөөлж залуучуудыг улс төрөөс шахахыг эсэргүүцэж байна. Жанжин Д.Сүхбаатар 21 насандаа хувьсгалыг удирдсан бол С.Зориг 27 насандаа ардчилсан хувьсгалыг тэргүүлэн оролцсон юм

Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан түүнд хариулт өгөхдөө.

УИХ-ын гишүүн Л.Лүндээжанцан

Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх үед УИХ-ын гишүүдийн насны босгыг нэмэгдүүлэх санал их гарсан. Бүр 35, 40 болгох санал гарч байсан юм. Тиймээс ажлын хэсэг ярилцаж байгаад УИХ- ын сонгуульд нэр дэвших насны доод босгыг 30 нас болгон төсөлдөө тусгасан. Түүнээс биш залуучуудынхаа улс төрд орох хүсэл зорилгыг хааж боосон зүйл байхгүй. Энэ бол олон нийтийн санал. Гэхдээ эцсийн шийдвэр биш. Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхдээ үүнийг яаж ч өөрчилж болно.

МАН-ын алдаанаас ургаж гарсан заалтууд

43.1. УИХ дахь олонхи нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дотор хэлэлцэнэ. УИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар уг асуудлыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилсон, өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно.

43.2. УИХ дахь цөөнхийг төлөөлж байгаа гишүүдийн санаачлагаар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал УИХ 15 хоногийн дотор хэлэлцэж, нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

43.3. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Ерөнхий сайдыг огцруулах асуудал УИХ-д орж ирсэн тохилдолд хэлэлцэн чөлөөлөх, дараагийн Ерөнхий сайдын томилох гэж хугацаа их алддаг. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан тохиолдолд дараагийн Ерөнхий сайдаар хэнийг томилох тухайгаа ч хамтад нь оруулж ирдэг болох юм байна. Мөн УИХ дахь олонхийн бүлэг Засгийн газраа огцруулах санал санаачилга гаргахыг хоригложээ. Зөвхөн цөөнхийн бүлгийн гишүүний гаргасан саналыг УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь дэмжвэл УИХ хэлэлцэх юм байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг МАН-ын бүлгийн гишүүд өөрсдөө санал санаачилга гарган огцруулсан. Тиймээс хойшид ийм зүйл болох ёсгүй гэж үзэн зөвхөн цөөнхийн бүлгийн гишүүд санал гаргасан тохиолдолд гэсэн зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах гэж байгаа бололтой. Товчхондоо эрх баригчид алдаан дээрээсээ сургамж авчээ.

УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзсан заалтууд

39.1. 3асгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд, гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно.

33.3. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлснээс хойш 72 цагийн дотор Ерөнхийлөгч батламжилна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхлэх үеэс “Гүйцэтгэх засаглалын бүрэн эрхийг нэмэгдүүлж, хүчирхэг Ерөнхий сайдтай болно” гэсэн яриа гарах болсон. Тиймээс Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлж, бас сайд нартаа хариуцлага тооцох эрхийг өгөхөөр төлөвлөжээ. Мөн “давхар дээлний” хязгаарлалтыг ч Үндсэн хуульд оруулах нь зүйтэй гэж үзсэн байна

25.1.7. УИХ тухайн жилийн улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно.

Засгийн газрын өргөн барьсан Төсвийн төслийг УИХ хэлэлцэхдээ орлого, зарлагыг нь дур зоргоороо нэмэгдүүлдэг. Ялангуяа одоогийнх шиг жижиг 76 тойргоос сонгогдсон УИХ төсвийн нэгдсэн бодлогыг алдагдуулдаг. Тиймээс Үндсэн хуульд дээрх заалтыг оруулах нь зүйтэй гэж үзжээ

22.2. Дараахь тохиолдолд УИХ бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө тарна:

1. УИХ-ын чуулганы хуралдааны санал хураалтаар УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн.

2. УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 45 хоногийн дотор, Ерөнхий сайдын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй.

22.3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр УИХ-ын тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана. Ийнхүү шийдвэр гаргаснаас хойш 10 хоногийн дотор УИХ сонгуулийг товлон зарлах бөгөөд сонгуулийг 60 хоногийн дотор явуулна

“УИХ чадамжгүй болсон”, “Нэр хүнд нь унаж байна” гэх яриа аль ч парламентын үед гардаг. Одоо ч гарч байна. Ялангуяа сүүлийн хэдэн өдрүүдэд ийм яриа их гарсан. Гэвч УИХ-д бүхлээр нь хариуцлага тооцох хууль эрх зүйн орчим бараг байхгүй гэхэд болно. Тиймээс УИХ-ын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор дээрх заалтуудыг Үндсэн хуульд оруулж байгаа бололтой.

Сонгуулийн тогтолцоог цэц дээр унагахгүй байх заалт

21.3. УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. УИХ- ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

2012 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 28 гишүүнийг нь намын жагсаалтаар сонгож байлаа. Гэвч Үндсэн хуулийн цэц 2016 оны сонгуулийн өмнө холимог тогтолцоогоор сонгууль явуулах тухай Сонгуулийн хуулийн заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж дүгнэсэн юм. Тиймээс 2016 оны сонгуулийн өмнө хуульдаа өөрчлөлт оруулж жижиг мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулсан. Уг сонгуулиас өмнөх зургаан сарын дотор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон заалт Сонгуулийн тухай хуульд байдаг байлаа. Гэвч 2015 онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа дээрх заалтыг гээж баталсан нь сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн цэцэд хандаж тогтолцоог нь өөрчлүүлэх боломж олгосон юм. Тиймээс тогтолцоог эцэг хуульд баригдахгүйгээр Сонгуулийн хуулиар зохицуулж болох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар болжээ. Мөн сонгуулиас өмнө нэг жилийн дотор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг Үндсэн хуулиар хориглох юм байна. Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулан баталбал одоогийн УИХ 2019 оны зургадугаар сараас өмнө сонгуулийн хуулиа өөрчлөх шаардлагатай мэт харагдана. Гэвч ингэх шаардлагагүй бололтой. Учир нь, “Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан тохиолдолд 2020 оны долдугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө” гэж хуулийн төсөлдөө тусгажээ.