УИХ Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх улсын ерөнхий прокурорын саналаас татгалзсан ч Д.Гантулга гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргачихлаа. Түүнд намынх нь зарим нөхөд, ялангуяа эмэгтэй гишүүд шахалт үзүүлсэн нь бүрэн эрхээсээ татгалзахад хүргэв бололтой. Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбоотойгоор олон нийтийн дунд одоо Д.Мурат гишүүн яах бол гэх яриа өрнөж байна. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үед адилхан буруугүй гэдгээ хэлж байсан гишүүн нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа тухай мэдээг сонсоод Д.Мурат гишүүнд ямар сэтгэгдэл төрсөн нь сонирхолтой. Түүний холбогдоод буй хэрэг Д.Гантулга гишүүний холбогдсон хэргээс ялгаатай ч УИХ-ын гишүүний ёс зүйн хувьд ялгаагүй үйлдэл. Тиймээс Д.Мурат гишүүн нийгмийн сэтгэл зүйг мэдэрч бүрэн эрхээсээ чөлөөлөгддөггүй юм аа гэхэд түдгэлзэж шалгуулаад гэм буруутай эсэхээ тогтоолговол өөрийнх нь болоод намынх нь нэр хүндэд сайнаар нөлөөлнө.
Д.Гантулга гишүүн шиг ямар нэгэн үйлдэл хийхгүй бол Ерөнхийлөгч түүнийг хамгаалан авч үлдсэн УИХ-ын тогтоолын төсөлд хориг тавихыг үгүйсгэхгүй. Ингэсэн тохиолдолд алдах юмгүй болсон УИХ дахь олонхийн бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг үг дуугүй хүлээн авах биз ээ.
УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан тогтоолын төсөлд хориг тавиулахаар Ерөнхийлөгчид хандсан. УИХ дахь эмэгтэйчүүдийн албан бус бүлгийн дарга Д.Оюунхорол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад "Өнгөрсөн баасан гаригийн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Баттулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр авч үлдсэнийг эсэргүүцэж хориг тавьж өгөөч гэж хандсан" гэлээ. Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учраас одоо энэ асуудал зөвхөн Д.Мурат гишүүнд хамаатай болж үлдлээ. Тэрээр Д.Гантулга гишүүн шиг ямар нэгэн үйлдэл хийхгүй бол Ерөнхийлөгч түүнийг хамгаалан авч үлдсэн УИХ-ын тогтоолын төсөлд хориг тавихыг үгүйсгэхгүй. Ингэсэн тохиолдолд алдах юмгүй болсон УИХ дахь олонхийн бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг үг дуугүй хүлээн авах нь ойлгомжтой. Учир нь, өнгөрсөн удаад хоёр намын бүлгийн нэг нэг гишүүний асуудал яригдсан учраас тохиролцооны зарчмаар хоёуланг нь авч үлдсэн нь нууц биш. Харин одоо Д.Мурат гишүүн барьцах ханьгүй боллоо.

