Удахгүй сурагчдын зуны амралт эхлэн хүүхдийн зуслангууд үүд хаалгаа нээнэ. Энэ сэдвээр “Ийгл Ньюс” телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Ариунбилэг уригдан оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүний яриаг сийрүүлэн хүргэж байна.
-Зургадугаар сарын 10-наас зуслангууд амрагч хүүхдүүдээ хүлээн авна гэсэн. Зуслангууд хүүхэд хүлээж авахад ямар бэлэн байдлыг хангасан байдаг вэ?
-Жил бүрийн гуравдугаар сараас эхлэн зуслангууд хүүхэд хүлээж авахад бэлдэж эхэлдэг. Байр танхим, боловсон хүчин, хөгжлийн хөтөлбөр зэрэгт анхаарч ажилладаг. Энэ бэлтгэл ажлыг хэр хангасан байна, хүүхэд хүлээж авахад бэлэн байна уу үгүй юу гэдгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар мэргэжлийн байгууллагуудын ажлын хэсэг байгуулагдан чиглэл чиглэлээр хүүхдийн зуслангуудаар тойрч ажилладаг. Ажлын хэсгийн ерөнхий дүгнэлтээр тухайн зуслан энэ жил ажиллах эсэх нь шийдэгдэнэ.
-Энэ зун хэдэн зуслан хүүхэд хүлээж авахад бэлэн гэсэн шаардлага хангаад байна вэ?
-Манай газрын дэргэд бүртгэлтэй 24 хүүхдийн зуслан байгаа. Өнгөрсөн жил 20 зуслан үйл ажиллагаагаа явуулсан. Эдгээр зусланд нийт 25542 хүүхэд амарсан байгаа. Энэ жил ажиллах хүүхдийн зуслангийн тоо тухайн ажлын хэсгийн дүгнэлтээр гарна.
-Шинээр хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхлэхэд ямар газраас зөвшөөрөл олгодог вэ?
-Зөвшөөрлийг жил бүр Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн зундаа хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлүүлэх үү гэдгийг шийдсэнээр олгодог. Тухайн объектын зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллага Улсын бүртгэлийн газраас авдаг.
-Эцэг, эхүүд хүүхдээ хичээлийн алжаалыг нь тайлах, амраах зорилгоор явуулдаг. Мөн хүүхдээ үе тэнгийнхэнтэй нь агаарт амраах хөгжих, сурах бололцоог олгодог. Энэ талаар хүүхдийн зуслангуудын хөтөлбөрт ямар чиглэл, агуулга туссан бэ. Танайх энэ чиглэлд яаж ажилладаг вэ?
-Манайх голдуу хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөр дээр анхаарч ажилладаг. Тухайн зуслан хүүхдийн стандарт хэр хангаж байна. Үүнд хүүхдийн аюулгүй байдал, тээвэрлэлт, эрүүл ахуйн хоол, хүнсний асуудал багтана. Дээр нь нэмэлтээр хөгжлийн хөтөлбөр хамгийн чухал нь болж орж ирдэг. Манай байгууллагаас энэхүү хөгжлийн хөтөлбөр дээр нь ерөнхий байдлаар арга зүй өгч ажилладаг. Хөгжлийн хөтөлбөр тухайн хүүхдийг нас насны онцлогт нь тохирсон хөтөлбөрөө боловсруулсан байх хэрэгтэй. Дээр нь байгаль, экологи, ёс заншил, өв уламжлалаа сурталчилсан нөлөөллийг ажлууд хийнэ. Мөн гэр бүлийн ээлж гэх мэт жил бүр сонирхолтой байдлаар хөгжлийн хөтөлбөрийг хийн аргачлалаа өөрчлөөд явдаг.
-Зусланд явж байгаа хүүхдүүдийг хараад байхад өсвөр насныхан илүү их дэггүйтдэг. Нэгнээ муу зуршилд уруу татах гэх мэт. Зусланд амарч байгаа хүүхдүүдтэй холбоотой ганц нэг тийм тохиолдлууд гарсан учраас эцэг эхүүд янз бүрээр ойлгох нь бий. Үүнтэй холбоотой ямар ажлууд хийгдэж байна. Яг энэ бодит хандлага байна уу?
-Энэ жил манай байгууллагын зүгээс яг энэ дээр анхаарч ажиллаж байгаа. Эцэг эхчүүдэд зөв ойлголт өгье гэсэн уриан дор зуслангууд маань ч өөрсдөө идэвхтэй ажиллаж байгаа. Манай ажлын хэсгийн дүгнэлтээр зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа зуслангууд ерөнхийдөө зөвшөөрөлтэй зуслангууд гэсэн үг. Тиймээс эдгээр зуслан дээр ямар нэгэн асуудал гарахгүй байх талаас нь бид илүү анхаарч ажилладаг. Тухайн зуслан өөрийн гэсэн хөтөлбөртэй байгаа учраас хүүхдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулан буруу зуршилд автуулахгүй байх талаас нь их ажил хийдэг.
-Тухайлбал энэ хөтөлбөрт юу багтах вэ?
-Архи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгөх. Өсвөр насны хүүхэд үерхэл, нөхөрлөлийн талаар зөв ойлголттой байх хэрэгтэй гэх мэт ажлуудыг хийдэг.

-Хүүхдүүд зусланд үеийнхэн болон найзууд, ангийнхантайгаа амрах сонирхолтой байдаг. Энэ тохиолдолд хаана хандах ёстой вэ. Хувийн зуслангууд руу шууд хандах уу. Зусланд амрах эрхийн бичгийг авах талаар танай газар дээр ямар нэгэн худалдан авалттай холбоотой үйл ажиллагаа байгаа юу?
-“Найрамдал” зуслангаас бусад зуслангууд манай байгууллага дээрээс эрхийн бичгээ зургаадугаар сарын 4-нөөс шууд борлуулж эхэлнэ. Тодорхой хэмжээнд тухайн зуслангууд өөрийн пэйж хуудас болон цахим сайтаараа худалдаалж байгаа. Эцэг эхчүүд хүүхдээ зусланд амраах гэж байгаа бол эрүүл мэндийн хуудсыг заавал бөглүүлсэн байх шаардлагатай. Мөн хувийн бяцхан бэлтгэлүүдийг хангасан байх хэрэгтэй.
-Зуслангийн бэлтгэлд юу багтаж байгаа вэ?
-Эрүүл мэндийн хуудсыг өөрийн оршин суугаа хаягийн дагуу дүүргийнхээ эрүүл мэндийн төв дээр очиж шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Мэдээж хүүхдэдээ дулаан хувцас, цагаан хэрэгслийг бэлдсэн байх хэрэгтэй. Бусад зүйлсийг хүүхдийн зуслан бэлдсэн байдаг.
-Эцэг эхчүүд хүүхдээ олон улсын “Найрамдал” зусланд хүүхдээ амраах сонирхолтой байдаг. Гэтэл танай байгууллагаар эрхийн бичиг борлуулах нь дамждаггүй юм байна. “Найрамдал” зуслангийн эрхийн бичиг яаж худалдаалагддаг юм бэ?
-“Найрамдал” зуслангийн эрхийг бичгийг ихэвчлэн онлайнаар худалддаг. Гурав, дөрөвдүгээр сард онлайнаар зуны ээлжийн эрхийн бичгүүдээ худалдаалдаг. “Найрамдал” зуслангаас өөр олон улсын ээлжтэй зуслангууд байгаа.
-Олон улсын ээлжтэй хүүхдийн зуслан жирийн дотоодын хүүхдээ авч амраадаг зуслангуудаас хөтөлбөрийн хувьд ямар ялгаатай байдаг бол?
-Тухайн зуслан зуны хугацаанд 8-10 ээлж авна гэж төлөвлөдөг. Нэг ээлж дотоодын хүүхдүүдтэй бол сагсан бөмбөг, урлаг гээд ээлж бүрээ сонирхлоор нь дамжуулан төрөлжүүлдэг. Олон улсын ээлж гэж нэг ээлжээ төрөлжүүлэн авдаг.
-Зуны улирал эхлэхээр зуслангийн багш авна гэсэн зар их байдаг. Улирлын чанартай энэ ажлын байранд ямар хүмүүс ажиллаад байна вэ. Ямар шаардлага хангасан хүнийг зуслангийн багш гэж тодорхойлоод байна?
-Манай ажлын хэсэг дүгнэлтэд хүүхдийн зуслангийн бүлгийн багш нар заавал мэргэжлийн сургалтад хамрагдан сертификат авсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Үүний хүрээнд хүүхдийн зуслангийн бэлтгэл хангах зорилгоор бүлгийн багш нарын сургалтыг шат дараатай зохион байгуулдаг. Энэ жил тавдугаар сарын 16,17-нд олон улсын “Найрамдал” төвтэй хамтран олон улсын чанартай зохион байгуулсан. Сургалтад АНУ-аас хоёр багш ирж сургалт явуулсан. Ингэснээр бүлгийн багш нар маань олон улсын сертификат авсан. Дахин зургадугаар сарын 3-нд бүлгийн багш нарын сургалт болно.
-Зуслангийн багш нарт насны хязгаар байдаг уу. Голдуу залуу хүмүүс багшилж байгаа харагддаг?
-Залуу хүн байх тусмаа хүүхэдтэй ажиллахад илүү ойрхон, гүйж, харайх гээд л бага насны хүүхэд маань хөдөлгөөн ихтэй байдаг учраас илүү дөхөм. Нэг бүлгийн багш 30 хүүхэд хариуцаж ажилладаг учраас маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй байдаг. Бүлгийн багшийн насыг 19-өөс дээш гэж үздэг.
-Зуслангийн эрхийн бичгийн үнийн хувьд дээд доод хязгаарыг тогтоож өгдөг үү. Эсвэл зах зээлийнхээ зарчмаар тодорхойлогдоод явдаг уу?
-Энэ жилийн зуслангийн эрхийн бичгийн үнийн саналыг манай байгууллагаас тогтоож өгсөн байгаа. Нэг өдрийн 28-30 мянган төгрөг байна гэсэн үнийн санал байгаа. Хэрвээ хэлний сургалт болон төрөлжсөн сургалттай бол тухайн зуслангийн үнэ бага зэрэг нэмэгдэх тохиолдол байдаг. Гэхдээ дунджаар нэг өдрийн үнэ 28-30 мянга байгаа.
-Хүүхдийн зуслангийн нэг ээлж хэд хоног байгаа вэ?
-Долоо хоног. 1-3 ээлжид бага насны хүүхдүүд амардаг учраас тухайн хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөр боловсруулдаг. Өсвөр насныхан амардаг сүүлийн ээлжүүдэд илүү мэдээллийн чанартай сургалт, нөлөөллийн ажлуудыг хийх байдлаар хөгжлийн хөтөлбөрийг гаргадаг.