Монгол Улсын гавьяат багш, Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны шагналт хөгжмийн зохиолч Лувсанцэрэнгийн Галмандахын нэрэмжит “Л.Галмандах” сан өчигдөр нээлтээ хийлээ. Тус сан нь Монгол Улсын гавьяат багш Л.Галмандахын уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн урлагийн боловсролыг дэмжих зорилготойгоор өнгөрсөн 2017 онд үүсгэн байгуулагджээ. “Л.Галмандах” сангийн тэргүүнээр хөгжмийн зохиолчийн хүү, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Г.Баттулга ажиллаж байгаа юм байна. Тэрээр аавынхаа мэргэжлийн өвлөн авсан бөгөөд ОХУ-ын Буриад улсын Үндэсний дуу бүжгийн “Байгал” театрын хөгжмийн уран сайхны удирдагч, удирдаачаар ажилладаг, ОХУ-ын Буриад улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч ажээ.

Энэ жил Л.Галмандах агсны 65 насны ой тохиож байгаа тул ийнхүү ойн жилийг нь тохиолдуулан нэрэмжит санг нь албан ёсоор нээж байгаа гэдгээ хөгжмийн зохиолчийн ар гэр, үр хүүхдүүд нь онцолж байв. “Л.Галмандах” сангийн нээлтийн ёслолд Соёл, урлагийн газрын дарга, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, НҮБ-ын Хүүхдийн элч дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, УИХ-ын гишүүн асан Д.Арвин тэргүүтэй Л.Галмандах агсны уран бүтээлийн анд нөхөд, нутаг усныхан, шавь нар нь хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн юм.
“Л.Галмандах” сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, хөгжмийн зохиолчийн охин Г.Тунгалаг өнгөрсөн хугацаанд сангийн зүгээс хийсэн ажлуудаа танилцуулж, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар танилцуулсан. Л.Галмандах агсны мэндэлсний ойг тохиолдуулан түүний хүүхэд багачуудад зориулан зохиосон 500 гаруй дуунаас дээжлэн “Бага насаа би хайрлаж явна-1” хүүхдийн шилдэг дууны түүвэр болон “Могжоохон даагатай Жогжоохон хүү”, “Дэлдэн чихэр” гэсэн хоёр дууны цомгийг бяцхан уншигч, сонсогчдынх нь гар дээр тавьсан нь ойд нь барьсан хамгийн том бэлэг ажээ.
Энэ үеэр Монголын хүүхдийн ордны авьяаслаг багачууд Л.Галмандах багшийн дуунуудаас дуулж, хүрэлцэн ирсэн хүндэт зочид эрхэм уран бүтээлчийн тухай дурсамж хуучээ дэлгэцгээв. Л.Галмандах багш бол хүүхдийн ертөнцөд амьдарч, хүүхдийн сэтгэлээр туурвиж, хүүхдийн нүдээр орчлонг харж явсан гэгээн тунгалаг авьяастан гэдгийг “Л.Галмандах” сангийн нээлтийн үеэр дурсамж дэлгэсэн хүмүүс хэлж байлаа. Монголын хүүхдийн дуу 1920-иод онд их зохиолч Д.Нацагдоржийн “Бүхий олон багачууд”-аар эхэлсэн гэж үздэг бөгөөд 1950-1960-аад онд Монгол Улсын урлагын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимиддорж хүүхдийн дууны урлагийг шинэ шатанд гаргажээ. Түүний дараа хүүхдийн дууны урлагийг хөгжүүлж бүхэн бүтэн үеийг ая эгшгээр хүмүүжүүлсэн хүн бол Монгол Улсын гавьяат багш Л.Галмандах гэдгийг соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг тэргүүтэй урлаг, соёлын зүтгэлтнүүд онцолж байв.

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан Л.Галмандах агсны багш нэрт хөгжмийн зохиолч Б.Цогоогийн тухай дурсамж дэлгэв.

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат Л.Галмандах багшийн "Гэртээ ирлээ" дууг анх хэрхэн дуулсан тухайгаа хуучиллаа.

Хөгжмийн зохиолчийн охин, "Л.Галмандах" сангийн УЗ-ийн гишүүн Г.Тунгалаг

