Засгийн газар нэгэн тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д уржигдар өргөн барилаа. Түүнийг нь УИХ ёсоор болгож Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаараа хэлэлцүүлэв. Тогтоолын төслийн агуулга нь Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Мал эмнэлгийн ерөнхий газар болгож өөрчлөх юм.

Мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцаж, малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг одоо хариуцаж байгаа хэлтэс нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд шилжин хариуцах ажээ.

Мал эмнэлгийн нэгдсэн, шуурхай удирдлагын босоо тогтолцоог бүрдүүлэх, мал үржлийн албаны чиг үүргийг бодлогын төвшинд зохицуулахаар УИХ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийг баталсан. Ирэх сарын 1-нээс үйлчилж эхлэх дээрх хоёр хуулийг хэрэгжүүлэхийн тулд ийнхүү Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Мал эмнэлгийн ерөнхий газар болгож өөрчлөхөөр болжээ. Мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцаж, малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг одоо хариуцаж байгаа хэлтэс нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд шилжин хариуцах ажээ. Энэхүү тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан уг тогтоолын төслийг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Уг тогтоолын төслийг баталснаар 2018 он гарснаас хойш гурав дахь агентлагаа байгуулах гэж байгаа нь энэ. Тодруулбал, УИХ 10 гаруй хоногийн өмнө Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хоёр хуваах тогтоолын төслийг баталсан. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн газрыг нь салгаж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг шинээр байгуулсан. Ийнхүү агентлагуудаар наадсан он жилүүд үргэлжилж байна. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын агетлагуудыг хэчнээн ч их нийлүүлж, салгав. Саяхан салгасан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар л гэхэд сүүлийн жилүүдэд хэд ч өөрчлөгдөв. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар тус тусдаа байсан бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болгосон. “Статистикийн байгууллага Засгийн газраас хол УИХ-ын харьяанд байх ёстой. Хэрэв Засгийн газрын харьяанд байх юм бол статистик мэдээлэл нь худлаа гарна” гэсэн шүүмжлэл гардаг байлаа. Тиймээс 2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг салгасан. Ингэхдээ Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болгосон. Хоёр агентлагийг нэгтгэсэн энэхүү шийдвэр нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн нэр бүхий иргэд Цэцэд хандсан тохиолдол ч бий. Цэц тус гомдлыг хэлэлцээд Үндсэн хуультай харшилдсан зүйл алга гэж дүгнэсэн. Эрх баригчид Цэц дээр хамгаалан байж авч үлдсэн энэхүү шийдвэрээ ийм хурдан өөрчилнө гэж хэн санахав.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны төсвөө батлуулахдаа төсөв хэмнэнэ гэдэг үндэслэлээр Ашигт малтмалын газрыг Газрын тосны газартай нэгтгэж Ашигт малтмал, газрын тосны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороотой нэгтгэж Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай нэгтгэж Гааль, татварын ерөнхий газар хэмээн нэрлэсэн. Харин 2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнбатын Засгийн газар Ашигт малтмал, газрын тосны газрыг л хэвээр үлдээж бусдыг нь өөрчилсөн. Уг нь сонгуульд ялалт байгуулсан нам мөрийн хөтөлбөрийнхөө дагуу ингэж бүтэц зохион байгуулалтыг нь хийдэг. Гэтэл сонгуулийн бус хугацаанд Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт ороход л бүтцэд нь дагаад өөрчлөлт орж яам агетлагуудыг салгаж, нийлүүлсээр ирлээ. Одоо бүр сонгууль болоогүй, Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй жирийн үед “Хуульд өөрчлөлт оруулсан учраас шинээр агентлаг байгуулахаас өөр аргагүй” гэдэг ганцхан тайлбартайгаар агентлагуудыг салгаж, нийлүүлэн “лего”-ддог боллоо. Ингэлээ гээд ямар нэгэн зардал гарахгүй гэж тайлбарлаж байгаа ч албан газрын хаяг, тамга, тэмдэг, албан бичгийн толгой, ажилчдын нэрийн хуудас шинээр хэвлэхээс эхлээд зардал гарах нь нууц биш.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдохынхоо өмнө “Өвөл хаяанд ирсэн байна. Яам, агентлагийг нэмж, хассанаар амжилт олдог бол олохоор цаг хугацаа өнгөрсөн. Засгийн газрын бүтэц хэвийн ажиллах ёстой. Өвлийн хүйтэнд сандал ширээ зөөлгөхгүй, тамга тэмдэг солигдохгүй” хэмээн мэдэгдэж байлаа. Түүний хэлсэн үг үнэхээр үнэн байж. Өвлийн хүйтэнд сандал ширээ зөөлгөсөнгүй. Харин хавар, зуны улирал ирж дулаарахтай зэрэгцэн сандал ширээ зөөлгөж эхэллээ.