
2 оронтой тооноос 20 луу тэмүүлэх инфляц
Эрх баригчдын төлөвлөснөөр бол энэ онд инфляц долоон хувиас дээшээ гарахгүй байх байлаа. Гэвч өссөөр өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 10.1 хувьд хүрсэн гэдгийг үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Үргэлж л “Инфляцыг нэг оронтой тоонд барина” гэж амладаг эрх баригчид энэ удаад амаа асуулгаж сууна. Инфляц төсөөлснөөс нь багахан хэмжээгээр бус бүр гурван хувиар, хоёр оронтой тоо руу орж өсчхөөд байна.
Гэвч ирэх жилүүдэд ч 5-7 хувиас хэтрэхгүй хэмээн төлөвлөсөөр л байгаа юм. Тодруулбал, яг одоо УИХ-аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газар эдгээр бодлогын баримт бичгүүдэд инфляцыг ирэх онд долоо, 2028 онд зургаа, 2029 онд тав хувь байхаар тооцжээ. Харин үүнд нь итгэх хүн цөөхөн. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Ирэх онд инфляц долоон хувь байна гэж байна. Байлаа юу” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм. Хоёр гурван жилээр нь байтугай, ганцхан жилээр нь, бүр тодруулбал дөрөв тавхан сарын дараахыг төсөөлж, төлөвлөж тооцож, удирдаж чадахгүй ч амлахдаа бол гаргуун. Бодит байдал дээр инфляц хоёр оронтой тооны босгыг давж орлого нь нэмэгдээгүй иргэдийн халаасыг тэмтэрч байна. Инфляцын 10.1 хувийг дараах бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлж байгаа юм.

Өнгөрсөн гуравдугаар сард инфляц 7.4 байсан бол ганцхан сарын дотор ийнхүү 10.1 хувьд хүрлээ. Үүнд хүнсний бүтээгдэхүүний үнэ хамгийн ихээр нөлөөлөв. Гуравдугаар сард 7.4 хувийн инфляцын 3.8 хувийг хүнсний бүтээгдэхүүний үнэ эзэлж байсан бол өнөөдөр 5.4 болж өсөөд байна. Нийт инфляцын 53.1 хувийг хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт дангаараа бүрдүүлж байна гэсэн үг.
Инфляц тооцдог хэрэглээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн бий. Үүний 55.3 хувь нь импортынх. Гэвч импортын бараа бүтээгдэхүүний үнэ 10.1 хувийн инфляцын 2.9 хувийг л эзэлж байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Үүнээс харвал дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ инфляцын өсөлтөд хамгийн ихээр нөлөөлжээ. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляц өсөх хамгийн том шалтгаан болсон гэсэн статистик мэдээлэл байгаа ч үүний ард махны үнэ дангаараа маш том нөлөө үзүүлж буй. Эмээлтийн амьд малын худалдааны төвд хонь 350-800 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь үүний нотолгоо. Хонь 800 мянгад хүрнэ гэдгийг хэн ч төсөөлөөгүй. Хэдхэн жилийн өмнө үхэр л ийм үнэтэй байлаа. Гэтэл одоо үхэр авдаг байсан мөнгөөрөө ганцхан хонь авч байна.
Тэгэхээр үхрийн махны үнэ тэнгэрт хадаж улаанбаатарчуудыг гайхшируулах нь аргагүй юм. Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул мах 33500 төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65.4 хувиар өсжээ. Махны үнийг тогтворжуулахаар жил бүр нөөцийн мах бэлтгэл нийлүүлдэг ч энэ жил нөөцийн мах үүргээ гүйцэтгэсэнгүй. Нөөцийн мах бэлтгэдэг ганцхан аргатай Засгийн газар махны үнийг бууруулах өөр бодлого хэрэгжүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр
Махны экспорт 300 сая ам.доллароос дээш болсон. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтээрээ зохицох ёстой. Засгийн газраас махны үнэ хямдруулах зохицуулалтын арга хэмжээ авахгүй.
Махны үнэ гэнэт ингэж өссөн нь олон шалтгаантай. 2023-2024 оны өвөл, хаврын их зудын өмнө Монгол Улс 70 сая малтай байлаа. Харин 2025 оны мал тооллогын дүнгээр 57 сая малтай байна. Мөн махны экспорт нэмэгдсэн, “Малчдын мах худалдаалах цэг”-үүд олноор үүссэнтэй холбоотойгоор нөөц бүрдүүлэлт багассан зэрэг нь махны үнэ өсөхөд нөлөөлжээ.
Эдийн засагч Б.Дөлгөөн
Махны үнэ өссөнд “Малчдын мах худаалах цэг”-үүд буруутай. Тэд өнгөрсөн намар “Махны үнийг ирэх хавар 13- 15 мянган төгрөгөөр барьж, тогтворжуулна” гэж амласан. Үүнд нь зөвшөөрөл олгодог байгууллага итгээд зөвшөөрлөө өгчихсөн. Ийм амлалт өгсөн учраас ченжүүд “Хэрвээ үнэхээр үнэ өсөхгүй бол алдагдалд орно” гээд мах нөөцлөөгүй. Махыг ганц улс нөөцөлдөггүй, ченжүүд мөн авч нөөцөлдөг. Хоёрдугаарт, “Малчдын мах худалдаалах цэг”-үүд малчдаас түрээс авч махыг нь заруулсан учир малчдын гар дээрх мах үнэтэй туссан. Тиймээс нөөц бэлтгэдэг үеэр үнэ буугаагүй. Үүнээс болоод өнөөдөр бүх улсаараа хохирч сууна.
Инфляцыг хөөрөгдөж буй хамгийн том нөлөөлөгч нь махны үнэ гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Дөрөвдүгээр сарын инфляц 10.1 хувьд хүрсэн гол шалтгаан нь махны үнэ 40- өөс дээш хувиар өссөн явдал. Энэ нөхцөл байдал иргэдэд ихээхэн дарамт болж байна” гэлээ. Гэвч Засгийн газар үүний эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахгүй нь. Яг үүнтэй адил Монголбанк ч инфляцын өсөлтийн эсрэг арга хэмжээ авахгүй ажигласаар л байна.
Монголбанкны ерөнхий эдийн засагч Н.Батсайхан
Үнийн өсөлт иргэдийн амьдралд хүнд тусаж байгаа. Инфляцын шок ямар эх үүсвэрээс ирж байна вэ гэдгийг ялгаж харах хэрэгтэй. Энэ удаагийн өсөлт гадаад орчноос ирсэн. Тодруулбал, Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй газрын тос, эрчим хүчний нийлүүлэлтийн шок болон дотоодын мах, хүнсний нийлүүлэлтийн улирлын шинжтэй доголдлоос шалтгаалж байна. Мэдээж нийлүүлэлтийн шок бусад бараа, үйлчилгээний үнэд хурдацтай дам нөлөөлж эхэлбэл Төв банк хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй. Харин түр зуурын шинжтэй, бусад үнэд өргөн хүрээтэй нөлөөлөхгүй бол харзнах байр суурь баримталдаг.
Бүтээн байгуулалтын улирал эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор импорт нэмэгдэнэ. Газрын тосны үнийн өсөлтийн нөлөө улам лавширна. Энэ бүхэн нь инфляц ирэх саруудад өснө үү гэхээс буурахгүй байх магадлалыг улам нэмэгдүүлж байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ч үүнтэй санал нэг байгаа гэдгээ УИХ-аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхдээ мэдэгдсэн юм.

Тэрээр “Төсвийн тэнцлийн алдагдалтай байдал, шатахууны үнийн өсөлт гээд тав, зургаа, долоодугаар сард эдийн засагт ачаалал үүснэ. Гадаад валютын нөөц, инфляц дээр эрсдэл үүсэж, хүндэрнэ” гэсэн юм. Үүнээс үзвэл инфляц ирэх саруудад хоёр оронтой тооноос 20-ийн тоо руу тэмүүлэх нь.
Эдийн засагч, доктор Д.Дуламсүрэн
Өнөөдрийн тоо худлаа хэлдэггүй. Анхаарал хандуулж, эдийн засгийн бодлогоо том зургаар нь харахгүй бол хэцүүхэн байдалд хүрч мэднэ. Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж инфляц дөрөвдүгээр сарын дүнгээр 10.1 хувь болж хоёр оронтой тоо руу орчихлоо. Төсвийн үр ашиггүй тэлэлтийг зогсоох шаардлагатай. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөлөлд ирэх жил инфляцыг долоо, 2028 онд зургаа, 2029 онд таван хувьд барина гэсэн байна. Өөрсдийгөө ч, улсаа ч буруу тооцоо, судалгаа тоогоор олон жил хуурч явлаа. Одоо хөрсөн дээрээ буугаасай. Худлаа тоо харахаар бичихээс дургүй хүрэх юм.
Эрх баригчдын амлалт, амьдрал хоёр алд дэлэм зөрж байгаагийн нэг жишээ нь инфляцын өсөлт.
Иргэдийн орлого бус инфляц нэмэгдсэнээр зарим зүйлсээ худалдан авч чадахгүй, чадлаа ч бага хэмжээгээр авч, махны хэрэглээгээ бууруулж, тахиа, гахайн махыг сонгон хэрэглэж байна. Тухайлбал, тахиа, гахайн махны импорт өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 15.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 28.3 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, айл өрхүүд махны хэрэглээнийхээ дөрөвний нэгийг тахиа, гахайн махаар сольжээ. Энэ мэтээр иргэд инфляцтай чадахаараа тэмцэж, зохицуулж байна. Харин төр засгийн зүгээс одоохондоо ямар ч зохицуулалт алга. УИХ-д өргөн бариад буй татварын хуулийн төслүүдэд зарим нэр төрлийн татварыг бууруулж иргэдийн гар дээр үлдэх мөнгийг нэмэх заалтууд бий. Гэхдээ энэ хуулийн төслүүдээ хэзээ баталж, хэзээнээс хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж эхлэх байсан ч хойшлуулсан. Энэ хооронд иргэд идэх хоолоо инфляцад идүүлсээр л... Товчхондоо, инфляц өсөж, идэх хоол багассан өдрүүд үргэлжилсээр…