Л.Энхболд хаягтай Фэйсбүүк хэрэглэгч шатахууны талаар “Оросоос 1 литр 1280 төгрөгөөр оруулж ирдэг.

Монголдоо зарахдаа 1 литр 1630 төгрөгөөр зардаг. ЗГ-с 1 тонн тутмаас 210000 мянган төгрөгийн татвар авдаг. 1 тонн 1630000 төгрөг, татвараа хасаад 1420000 төгрөг. Ашиг нь 1тонн тутамд 210000. Жилдээ 1 сая тонныг зарна гэхээр 210000000000 төгрөг буюу 2 их наяд 100 тэрбум төгрөг болж байна. Олж буй ашиг. Үүнээс ажилчдын цалин, урсгал зардал энээ тэрээгээ хасахаар доор хаяж 1 их наядаас дээш төгрөгийн цэвэр ашиг гарч ирнэ. Ашиггүй ажиллаж байна гээд үнэ нэмэх, засгийн газрыг шантаажлаад байгаа нь үнэхээр утгагүй биз” гэсэн пост оруулжээ.

Тэгвэл түүний бичсэн дээр залруулах зүйл байна. Монголчууд нэг тонн шатахууныг ус шиг 1000 литр гэж ойлгоод үнэ өсч, буурахад дээрх ойлголтоороо шилжүүлж болох явдал түгээмэл байдаг. Импортлогчид ч ийм ойлголт өгөхийг хичээдэг. Харин учир мэдэх хүмүүс нь шатахууныг литрлэж зарах нь импортлогчдод илүү ашигтай байдаг гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, “Тонн килограммыг литрт шилжүүлбэл шатахууны үнэ илүү буурах боломжтой“ гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Шатахуун импортлогчид ОХУ-аас авахдаа тонн буюу хүндийн жингээр тооцож авдаг, Монголд татвар төлөхдөө ч тонн, килограммаар тооцож төлдөг. Харин жижиглэнгээр худалдахдаа литрлэж зардаг нь хэрэглэгчдэд хамгийн ашиггүй хувилбарыг тулгаж байгаа хэрэг юм.

2012 оны нэг сард, шатахууны үнэ огцом өсч хомсдолд ороод байх үед МУИС-ийн ШУС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч Д.Монхообортой ярилцсан юм. Тэгэхэд тэрээр шатахуун нь уснаас хөнгөн учир нэг тонн нь 1150-1170 литр болдог хэмээн батлан өгүүлж байныг одоо хүргэж байна.

-Шатахууны үнэ хасагдсаны дараа “Тонн килограммыг нь литрт шилжүүлбэл илүү хямдруулах боломжтой” гэсэн яриа гаргах болсон. Ийм боломж бий юу?

-Би энэ асуултад зөвхөн мэргэжлийн үүднээсээ л хариулья. Шатахуун бол уснаас хөнгөн гэдэг үнэн. Захын шатахуун түгээс станцаас аваад үзэхэд л мэдэгдэнэ дээ. За би баримттай ярья (шүүгээгээ уудлан газрын тосны бүтээгдэхүүний шинж чанар, стандартын тухай бичсэн ном гаргаж ирэв).

-Манайд зарагддаг шатахууныг литрээр хэмждэг. Хүндийн хэмжүүрээр хэмжвэл хэдэн грамм болох вэ. А-80, Аи-92, Дизелийн түлшний хооронд жингийн ялгаа бий юу?

-Шатахууны жин октанаас шууд шалтгаалахгүй л дээ. Шатахууны стандарт гэж бий. Жишээлбэл, өвөл хэрэглэдэг шатахуун, зун хэрэглэдэг шатахуун хоорондоо өөр. Газрын тос нь цэвэр нэг төрлийн бодис биш болохоор өвөл царцдаг. Царцсан шатахуун тэсрэхгүй, мотортоо очихгүй бөглөрнө өө дөө. Шатахууны найрладагд парафин гэж бодис байдаг. Цэврээрээ бол лааны лав шиг эд. Энэ парафин л царцалтын гол шалтгаан байгаа юм. Өвлийн шатахуунаас парафиныг шүүж авдаг. Тиймээс өвөл, зуны шатахууны жин хоорондоо ялгаатай. Гэхдээ их биш. Ер нь бол нэг литр бензин 850 орчим граммтай тэнцдэг. Өөрөөр хэлбэл, 850 кг нь 1000 литр болдог. Тэгэхээр нэг тонн шатахуун 1200 орчим литр болох нь.

-Шатахуун импортлогчид “Тээвэрлэлтийн явцад ууршилт их гардаг учраас ашиг багасдаг” гэж ярьдаг. Энэ үндэслэлтэй юу?

-Мэдээж, шатахуун тодорхой хэмжээнд ууршдаг. Шинж чанараасаа хамаараад шатахуун арай их, дизелийн түлш арай бага ууршдаг. Гэхдээ шатахууныг тээвэрлэх, хадгалах стандарт гэж бий. Энэ журмаар л бүх ажиллагаа явагдаж байгаа. Хуучин НИК-ийн үед цистернээр тээвэрлэдэг байсан. Одоо ч хэвээрээ байх л даа. Ингэж тээвэрлэхэд мэдээж ууршилт гарна, гэхдээ их биш. Стандартаа сайн мөрдөөд явахад болно.

-Тэгэхээр, үнэ ханшид нөлөөлөхөөр тийм их ууршдаггүй гэсэн үг үү?

-Тэр талаар сайн мэдэхгүй байна. Би судлаач, эрдэмтэн хүний хувьд л асуултад чинь хариуллаа. Химийн шинж чанараараа бол шатахуун уснаас хөнгөхөн, нэг литр нь 830-870 граммтай тэнцдэг. Тэгэхээр нэг тонн нь 1150-1170 литр болдог байх нь.