Нисдэг үлэг гүрвэл птеронадоны нэгэн төрөл зүйлийн чулуужсан ясыг Монголын говиос олж илрүүлжээ. Нисдэг гүрвэлийн далавч 32 фут буюу 9.75 метр байсан нь Европ, Хойд Америкаас олдсон ижил төрөлтэй хэмжээний хувьд өрсөлдөхүйц гэсэн үг юм. Гэхдээ уг олдвор нас бие гүйцээгүй буюу зулзаган гүрвэлийнх байх өндөр магадлал бүхий шинж тэмдгийг агуулж байгаа учраас дэлхийн хамгийн том нисдэг амьтан байсан гэсэн таамаглалыг олсон эрдэмтэд нь дэвшүүлээд байгаа юм байна. Nationalgeographic.com цахим хуудсанд энэ талаар мэдээллээ.
Судлаачид nationalgeographic.com цахим хуудсанд энэ таамаглал, эрдэм шинжилгээний нийтлэлээ хэвлүүлжээ. Шинээр олдсон нисдэг гүрвэл нь 70 сая жилийн өмнө амьдарч байсан гэж үзэж байгаа юм байна. Эрдэмтэд Монголоос олдсон уг гүрвэлийг урьд өмнө нь олдож байсан птерозаврын хамгийн алдартай хоёр олдвор болох 1970-аад онд Техасаас олдсон Кетцалькоатлус (Quetzalcoatlus), 1990-ээд онд Румынээс олдсон Хатцегоптерикс (Hatzegopteryx)-тэй харьцуулан судалсан байна. Дээрх хоёр олдворын далавчны урт 32-36 фут буюу 9.75-10.97 метр байсан аж. Хэрвээ Монголоос олдсон үлэг гүрвэл зулзаган үлэг гүрвэлийнх гэдгийг баттай нотолж чадвал дэлхийн түүхэнд хамгийн том нисдэг гүрвэл Монголд амьдарч байсан гэж үзэх бүрэн боломжтой гэж птерозавраар дагнан мэргэшсэн палеонтологич эрдэмтэн, Портсмутын Их сургуулийн доктор Марк Виттон хэлснийг nationalgeographic.com эш татжээ.
Үлэг гүрвэлийн олдворыг Монгол-Японы хамтарсан экспедиц Өмнөговь аймгийн Гурилин цав гэдэг газраас олсон юм байна.