Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албахынхан өнөөдөр Монголын нууц товчоо, Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуур цэнгүүллээ.

"1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 29 удаа бууриа сэлгэж,  1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон " гэдгийг НИТХ-ын дарга С.Амарсайхан дурьдлаа.

Мөн энэ үеэр Монгол Улсын Үндэсний урлагийн их театрийн Монгол төрийн их найрал хөгжмийн гоцлооч, Ардын жүжигчин, Морин хуурьч Ч.Батсайхан нийслэлийн Сүлдэт хуурыг цэнгүүлж, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, Гавъяат жүжигчин С.Ганзориг “Миний Улаанбаатар” дуугаар ая барилаа. Түүнчлэн Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны ойн өдрөөр гал голомтоо бадрааж буй гэр бүлд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг түүхэн уламжлалтай.