
-Нэвтрүүлгийн ялагч болсон хамтлаг 100 сая төгрөгийн продюсенгийн гэрээ хийх эрхтэй болно-
“Боловсрол” телевизийн уран бүтээлчид ээлжит шинэхэн төсөл болох “Оддын академи” шоу нэвтрүүлэгээ танилцууллаа. Уг нэвтрүүлэг нь охидын хамтлаг төрүүлэн гаргах зорилготой. Дэлхийн 44 оронд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагддаг бөгөөд дуулах хүсэлтэй сая сая залууст мөрөөдлөө биелүүлэх боломж олгодог байна.
Гэхдээ энэхүү боломжийг хүртэхийн тулд оролцогчид даваа сорилуудыг давах ёстой. Чухам хэн гээч эрхмүүд охидын мөрөөдөлд хүрэх гүүр болохыг мэдэхийн тэсэн ядан хүлээж байгаа болов уу. Тэгвэл өнөөдөр “Боловсрол” телевизийн “Оддын академи” төслийнхөн хэвлэлийн бага хурал хийн шинэхэн багаа танилцууллаа.

Хоёр сарын хугацаанд үргэлжлэх “Оддын академи” шоу нэвтрүүлгийн чиглүүлэгч, продюсерууд ийнхүү тодорлоо. Чиглүүлэгч, продюсеруудын багт продюсер Б.Наранзун, реппер Big Gee, “Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун, “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуун нар ажиллах нь ээ. Нэвтрүүлгийн шүүгчид нь үзэгчид байдаг бөгөөд оролцогч нарт туслах үүрэгтэй чиглүүлэгч продюсеруудыг зохион байгуулагчид сонгодог. Тэд шүүгч биш бөгөөд оролцогчдыг шүүнэ гэхээсээ илүүтэй тэднийг эрчимжүүлсэн сургалтад хамруулан мастер класс заан, мэргэжлийн чадварлаг хамтлаг гаргаж ирэхийн төлөө ажиллах юм байна.
Тус нэвтрүүлэг нийт хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Эхний шатанд шалгарсан охид тансаг зэрэглэлийн гэрт амьдарч, хамтдаа суралцаж, үзэгчдийн нүдэн дээр мэргэжлийн дуучин болж бэлтгэгдэх юм. Мөн нэвтрүүлгийн ялагч болсон охидын хамтлаг бие даасан цомог гаргах, клип хийлгэх, олон улсын хөгжмийн наадамд оролцох эрх бүхий 100 сая төгрөгийн продюсенгийн гэрээ хийх эрхтэй болох юм.
“Оддын академи” нэвтрүүлэгт 16-аас дээш насны эмэгтэй оролцогч бүртгүүлэх боломжтой. “Боловсрол суваг” тв, “Жи-Мобайл” ХХК-ийн байр мөн Eduburtgel.mn сайтаар дамжин бүртгүүлнэ. Бүртгэлийн хугацаа дуусахад цөөн хоног үлдээд байна.

Шоу нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Жи Мобайл” ХХК, “Голомт” банк, ивээн тэтгэгчээр “Таван богд” групп, “Монос” фарм хамтран ажиллаж байна. Сонирхуулахад “Оддын академи” нэвтрүүлэг нь анхлан 2001 онд Франц, Испани улсад зохион байгуулагдаж байжээ. 2002-2011 он хүртэл ОХУ-д “Фабрика звёзд” нэртэйгээр 8 улирал амжилттай хийгдсэн. Тус нэвтрүүлгээс охидын алдарт “Фабрика” хамтлаг, дуучин Юлия Савичева, Тимур Юнусов гэх мэт Оросын өнөө үеийн шоу бизнесийг өнгөлж яваа одод төрөн гарчээ.







