Хойд Солонгосоос оргосон Жой (аюулгүй байдлын үүднээс нэрийг нь нууцалжээ) хэмээх бүсгүй “Reddit” цахим хуудасны "Ask Me Anything" булангаар дамжуулан уншигчидтай нээлттэй яррилцлага хийжээ. Түүний ярилцлага 47 мянган хүнд таалагдаж, дөрвөн мянга гаруй уншигч сэтгэгдэл бичиж асуулт асуусан байна.
Охин 18 настайдаа анх Хойд Солонгосоос гарч үзжээ. Түүнийг Хятадад боолын хөдөлмөр эрхлүүлэхээр худалдсан аж. Тэрээр тэнд өөрийг нь худалдаж авсан хүнтэй хүчээр гэрлэж, хүүхдийг нь төрүүлсэн байна. Аз болоход тэрээр хоёр жилийн дараа боолчлогдож байсан газраасаа оргож, БНСУ-д очиж чадсан байна. Хойд Солонгосын дүрвэгсэд болон хүний наймааны золиос болсон эмэгтэйчүүдэд тусладаг байгууллагынхан тусалснаар ийнхүү эрх чөлөөтэй болсон байна.
Тэрээр Хойд Солонгосын ард иргэд нь барууны телевизүүдийн зурагладагаас огт өөр шүү гэдгийг уншигчдад ойлгуулахыг хичээж байв.
“Нэгэн сайхан өдөр би охиноо БНСУ-д авчирч чадна гэж найдаж байгаа” гэсэн Жойгийн үгс уншигчдын сэтгэлийн утсыг ихэд хөндсөн байна.
Оргосноо эс тооцвол Жой нутгийнхаа талаар халуун дулаанаар дурсаж байсан нь уншигчдын гайхлыг төрүүлж, басхүү таалагдсан байна.

Тэрээр гэр бүлийн үдэшлэг, амттай хоол унд, ээжтэйгээ өнгөрүүлсэн мөчүүд гээд олон эерэг мэдээллийг өгчээ. Жой их өлсгөлөнгөөс болоод сургуульд суралцаж чадаагүй бөгөөд хүүхдүүд АНУ-ыг хамгийн аймшигтай улс, хүмүүс нь аймаар гэж бодож явдаг нь үнэн гэдгийг уншигчдад хэлжээ. Тэрээр “Жаахан байхдаа би Солонгосын дайны үед Ким Ир Сен нарсны боргоцойгоор тэсрэх бөмбөг хийн америкчуудын ихэнхийг устгасан тухай нэгэн сурах бичгээс олж уншсан юм. Тэр үед энэ нь туйлын үнэн мэт санагддаг байж” хэмээн Жой дурсчээ. Мөн Хойд Солонгосын ард иргэд нь барууны телевизүүдийн зурагладагаас огт өөр шүү гэдгийг уншигчдад ойлгуулахыг хичээж байсан гэнэ. “Тэд бол жирийн л хүмүүс” гэж Жой бүсгүй хэлжээ.