ОХУ-д аялал жуулчлалын чиглэлээр орж ирсэн хятад иргэд буцахдаа хориотой бараа бүтээгдэхүүн, байгалийн чулуу зэргийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролдох явдал сүүлийн үед ихэсчээ. “Забайкальск” боомтоор өчигдөр ногоон хаш чулууг нууцаар хил нэвтрүүлэх гэсэн хятад эмэгтэйг хойд хөршийн хилчид илрүүлэн баривчилсан байна.
Сибирийн гаалийн удирдах газрын хэвлэлийн албанаас энэ талаар мэдээлжээ. Хятад эмэгтэй нийт жин нь таван килограммаас давах гурван ширхэг ногоон хаш чулууг оймсонд нуусан байсан аж. “Шалгалтын явцад чулууг илрүүлсний дараа хятад эмэгтэй чулууг сайн дураараа гаалийн ажилтнуудад хураалгасан” гэж Сибирийн гаалийн удирдах газрын хэвлэлийн албанаас гаргасан мэдээлэлд дурджээ. Тэрээр чулууг хил гаргах хориотой гэж мэдээгүй гэж мэдүүлсэн ч чулууг хувцсан дотроо нуусан байсан тул худал мэдүүлэг өгсөн гэж үзсэн байна.
БНХАУ-ын иргэд хөрш орнуудаасаа байгалийн үнэт болон хагас үнэт чулууг хууль бусаар хилээр нэвтрүүлэх гэсэн оролдлого байнга гаргадаг байна. ОХУ-ын хувьд, ийм хэрэг илрүүлсэн тохиолдолд хууль зөрчигчид зохих ёсных нь хариуцлагыг хүлээлгэж, хураагдсан чулууг нарийн шинжилгээнд оруулсны дараа улсын санд тушаадаг байна.