Монголын өдөр тутмын сонинууд “Өдөр тутмын сонины анхдугаар форум”-ыг “Blue Sky”-д өнөөдөр зохион байгууллаа. “Сонины форум-2017” арга хэмжээгээр Монголын өдөр тутмын сонинуудад тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг даван туулах шийдэл зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв.
Форумын талаар Өдөр тутмын сонины холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Үндэсний шуудан” сонины Ерөнхий эрхлэгч С.Ононтуултай ярилцлаа.
-“Өдөр тутмын сонины анхдугаар форум”-ын гол зорилгын талаар танилцуулахгүй юу?
-Өдөр тутмын сонинуудын холбоо анх удаа форум зохион байгууллаа. Энэ форумын гол зорилго бол өдөр тутмын сонинд тулгамдаад байгаа асуудал юу вэ, түүний гарц шийдэл юу байх талаар ярилцсан. Энэ форумаас гаргасан хоёр гол чухал баримт бичиг бол нэгдүгээрт ёс зүйн тунхгаа өдөр тутмын сонинууд баталгаажуулж авсан. Редакц бүр өөрийн гэсэн ёс зүйн кодлолтой байдаг байсан бол энэ удаад нэгдсэн ёс зүйн тунхгийг гаргасан.
-Одоогийн өдөр тутмын сонинуудад ямар асуудал тулгамдаж байна?
-Хэвлэл мэдээллийн байгууллагын үндсэн үүрэг бол мэдээллийг шуурхай хүргэх байдаг. Одоо сошиал хөгжин телевизүүд хүч түрэн орж ирсэн үед өдөр тутмын сонин цаг хугацааны хувьд мэдээллийг шуурхай хүргэх гэдэг үндсэн чиг үүрэг нь орхигдсон. Учир нь, маргааш нь хэвлэгддэг учраас боломжгүй зүйл болсон. Тиймээс өдөр тутмын сонинууд энэ орон зайгаа юугаар нөхөн цаашид оршин тогтнох талаараа ярилцлаа. Өдөр тутмын сонинууд гэдэг бол мэргэжлийн редакцтай ёс зүйгээ баримтлаад олон эх сурвалжаас мэдээллээ аваад явах юм бол орон зай нь хэвээрээ байна. Өдөр тутмын сонинуудыг талаар янз бүрийн судалгаа байдаг. Жишээ нь өдөр тутмын сониныг хэн уншдаг вэ гэсэн судалгаагаар хамгийн найдвартай эх сурвалж болдог, нас тогтсон хүмүүс ихэвчлэн уншдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс бид залуучуудыг хэрхэн яаж татах уу гээд энэхүү форумаар олон зүйлийг ярилцлаа.
-Өдөр тутмын сонинууд цаашдын хөгжлийн гарцаа хэрхэн тодорхойлов?
-Мэдээж мэдээллийг шуурхай хүргэх нөхцөлүүд байхгүй болчихоод байгаа. Тиймээс бид аналитик сэтгүүл зүйд голлон анхаарах болоод байна. Мэдээллийг шуурхай хүргэх гэхээсээ илүүтэй дүгнэлттэй олон эх сурвалжтай аналитик сэтгүүл зүйг хөгжүүлэх нь ач холбогдолтой гэж үзэж байгаа. “Үндэсний шуудан” сонины баримталдаг байр суурь бол энэ.
-Форумаар өдөр тутмын сониныхон ёс зүйн нэгдсэн нэг тунхагтай болсон гэсэн шүү дээ?
-Ёс зүйн тунхаг гэдэг зүйлийг Өдөр тутмын сонины холбоо анх удаагаа тунхаглалаа. Үүнийг бүгдээрээ гарын үсэг зуран баталгаажууллаа. Энэ ёс зүйн тунхгийн ач холбогдол бол бид бүх мэдээллээ баталгаатай, хуулийн дагуу олж авна. Энэ нь уншигчдад бодитой үнэн зөв мэдээллийг хүргэхэд ач холбогдолтой юм.
-Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн талаар хэлэлцсэн байсан?
-Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн талаар энэ форум дээр яригдсан. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй монголд хөгжөөгүй, хөгжихөд маш хэцүү. Яагаад гэвэл эрэн сурвалжлах материал олж авсан сэтгүүлчийг хууль эрх зүйн үүднээс хамгаалах хэцүү байдаг. Үүнийг редакц нь эх сурвалжийг нь нууцалдаг, бүх зүйл дээр нь дэмждэг байдлаар ажиллана гэж энэ тунхагт бүгдээрээ нэгдсэн. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжихөд илүү нийгмийн бохир зүйлсийг уудалдаг болохоор сэтгүүлчдээ илүүтэй эрсдэлтэй байдаг.
-Сонины форум цаашид ямар хугацаанд болж байхаар товлогдсон бэ?
-Хугацаа товлоогүй. Нийгэмд хөндөгдөж байгаа сэдвүүдээр, өдөр тутмын сонинууд мэдээллийг яаж хүргэх үү зэрэг тулгамдаад байгаа асуудлуудаа шийдэхэд цаг хугацаа харгалзахгүйгээр зохиогдох байх гэж бодож байна.
“Сонины форум-2017”-гийн үеэр анх удаагаа “Хууль зүйт шударга нийгмийн төлөө эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих өдөр тутмын сонинуудын тунхаг”-ийг үзэглэв. Энэ санаачилгаар дамжуулан хэвлэл мэдээллийн салбарын дөрөв дэх засаглалын үүргийг улам бүр тодотгохыг зорьж байгаа юм. Тунхагт өдөр тутмын сонины редакциуд эрэн сурвалжлах чиглэлээр ажиллаж байгаа сэтгүүлчийн хөдөлмөрийг үнэлэн, шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэхээр заажээ. Цэвэр нийгэм, улс төрийн эрүүл орчин, нийгмийн цэвэр сэтгэлгээний суурийг тавихад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү тунхагт нэгдэж байгаагаа Монголын өдөр тутмын сонины удирдлагууд онцолсон юм.
Түүнчлэн Монголын өдөр тутмын сонинууд анх удаагаа ёс зүйн тунхгаа албажууллаа. Тунхагт аливаа мэдээллийн бодит байдлыг баталгаажуулж, олон талын эх сурвалжаар нотлогдсон мэдээллийг нийтлэх шаардлагыг онцолжээ. Өдөр тутмын сонины хэвлэн нийтлэх эрх чөлөө нь зөвхөн тухайн мэдээллийн үнэн бодит байдлаар хязгаарлагдахыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгохоо тусгасан байна. Хууль зүйт шударга нийгмийн төлөө эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих өдөр тутмын сонинуудын тунхгийг Өдөр тутмын сонинуудын ёс зүйн тунхагтай хамтатган баталснаар сонины салбар дахь цэвэр, шударга, мэргэжлийн сэтгүүл зүйг уншигчдын өмнө дахин баталгаажуулж байгаа аж.