Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү Сүхбаатар дүүргийн 166, 205, 159, 217, 175 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, үйл ажиллагаатай нь танилцсан байна. Энэ үеэр тэрээр дээрх цэцэрлэгүүдэд иж бүрэн тоглоом бэлэглэжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү цаашид эдгээр цэцэрлэгийн гаднах тоглоомын талбайн тохижилтыг хийхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхэд өмнөх оныхоос 9321 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Төрийн өмчийн 877, хувийн өмчийн 545, нийт 1,422 цэцэрлэгт 252 мянга 753 хүүхэд суралцана гэсэн тооцоо гарчээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү өнөөдөр мөн Сүхбаатар дүүргийн 58 болон 71 дүгээр сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль өнгөрсөн хичээлийн жилд 2900 сурагчтай хичээллэсэн бол энэ хичээлийн жилд 3200 хүүхэд суралцах юм байна. Тус сургуулийн хамт олон 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн материаллаг баазыг нэмэгдүүлж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, багшийн хөгжлийн дэмжих, “Би Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндсэн зорилтуудыг өмнөө тавьжээ.


