Монголдоо анх удаа Отгонтэнгэр их сургууль БНСУ-ын Хансо Их сургуультай хамтран Агаарын тээврийн үйлчилгээний менежмент буюу Онгоцны үйлчлэгчийн “2+2” хөтөлбөрөөр, мөн Олон улсын харилцааны “3+1” хөтөлбөрөөр бакалаврын сургалт явуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Ёслолын ажиллагаанд ОТИС-ийн ректор доктор Н.Энхзаяа, дэд захирал Ж.Золбаяр болон Хансу их сургуулийн гадаад харилцааны эрхлэгч Ким Жин У, Онгоцны үйлчлэгчийн тэнхимийн эрхлэгч Чон Э Үн болон хоёр сургуулийн удирдах ажилтанууд оролцсон юм.

Монголын дээд боловсролын түүхэнд анх удаагаа бэлтгэж буй онгоцны үйлчлэгчийн ангид элсэгчдэд тавигдах шаардлага нь математик болон англи хэлний шалгалтын 400 буюу түүнээс дээш оноотой, эмэгтэй 162 см, эрэгтэй 170 см-ээс дээш өндөртэй, биеийн болон царайны зөв төрхтэй байх ёстой. Долдугаар сарын 6-нд буюу өнөөдөр тус сургуулийн байранд хоёр сургуулийн багш нар элсэгчидтэй уулзан ярилцлага хийж, сонгон шалгаруулалт зохион байгууллаа. Ингээд тэнцсэн хүүхдүүд 2 жил ОТИС-д, 3-4-р ангиа Солонгосын Хансу их сургуульд суралцаж хоёр сургуулийн дипломтой төгсөх юм.

Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтанд ороход нэн шаардлагатай байгаа энэхүү мэргэжлээр төгсөгчид зуун хувь ажлын байраар хангагдана. Хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд ОТИС-ийн Эдийн засаг бизнесийн удирдлагын сургуулийн захирал дэд профессор Л.Удвал, БНСУ-ын Хансо Их сургуулийн Гадаад харилцааны эрхлэгч Ким Жин Ү нар гарын үсэг зурж элсэгчдээ хүлээн авахад бэлэн боллоо.