Азийн хөгжлийн банк, Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорноговь аймгуудын төвд 3,000 м3 хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж барих ажил эхэллээ.
Өнөөдөр төслийн хэрэгжилтэд туслалцаа үзүүлэх, барилгын ажлын тендерийн баримт бичиг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ болон төслийн дамжуулан зээлдүүлэх гэрээнд БХБЯ-ны сайд Г.Мөнхбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, АХБ-ны төлөөлөл нар гарын үсэг зурлаа.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Өнөөдөр дөрвөн аймагт Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлж байна. Төслийн нийт санхүүжилт 21.1 сая ам.доллар, үүнээс АХБ-ны хөнгөлөлттэй зээл 19.43 сая ам. доллар.
Азийн Хөгжлийн Банкны зээлийг эргүүлж төлөх хугацаа нь 25 жил бөгөөд үндсэн зээлээс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байна. Зээлийг 2021 оноос эхлэн 20 жилийн хугацаанд жилд 2 хувийн хүүтэй төлнө.
Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг бид хэд хэдэн хувилбаруудаар санхүүжилтийн эх үүсвэрийг хөөцөлдөж байгаа. Магадгүй энэ оны долоо, наймдугаар сардаа багтаж шийдвэрлэгдэнэ гэсэн хүлээлттэй байна" гэв.
Барилга угсралтын ажлыг дотоодын компаниудыг татан оролцуулж энэ намар эхэлж, бүтээн байгуулалтын ажил 2019 оны сүүлээр дуусахаар төлөвлөсөн байна.
АХБ 1991 оноос хойш манай улстай хамтарч олон салбарт хөрөнгө оруулж, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. 1997 оноос өнөөг хүртэлх буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг нийт 312,4 сая ам.доллараар санхүүжүүлжээ.