
МАН-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд хандлаа. МАН-ын Бага хурлын гишүүн Ч.Ганхуяг, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр нар мэдээлэл хийв. Тэд хэлэхдээ, “Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Сонгуулийн тухай хуулийн Тавдугаар зүйлд сонгуулийн үйл ажиллагаа түүнд оролцож байгаа нам эвсэл нэр дэвшигчдийн баримтлах зарчмын талаар тусгаж өгсөн байдаг. Энэ зарчим бол хууль дээдлэх ил толд байдлыг хангах гэсэн хоёр зарчмын заалтууд бий. Энэ хүрээнд тэд өрсөлдөгч нэр дэвшигчийнхээ аталаар түүний ол тод байдлыг хангах зорилгоор зарим нэг мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа бөгөөд хэн нэгнийг гутаан доромжлох хуурамч мэдээлэл тараах зорилго агуулаагүй” гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгыг оффшор данстай гэж МАН-ын бага хурлын гишүүн Ч.Ганхуяг энэ сарын 9-нд олон нийтийн цахим сүлжээгээр мэдэгдсэн. Түүний гаргасан баримт мэдээллийг няцаасан, эдийн засагч Х.Батсуурийн бичлэг ч дараа нь цахим ертөнцөд цацагдсан. Тэгвэл эдийн засагч Х.Батсуурийн няцаалтаас иш татаж, нэр дэвшигч Х.Баттулгыг оффшор данстайг өөрийнхөөрөө баталсан мэдээллийг Ч.Ганхуяг ийнхүү өнөөдөр сэтгүүлчдэд өглөө.
Ч.Ганхуягийн хэлснээр CAMEX гэх компанийг Х.Баттулга 2006 онд үүсгэн байгуулсан. Энэ компанийн нэр дээр Төгрөг нуурын хүрэн нүүрсний орд газар байдаг. 2009 онд CAMEX-ийг Төгрөг нуурын орд газрын эзэмшилтэй нь хамт Хонг Конгийн” Мин Хин ватерворкс” компанид 255 сая ам.доллараар худалдсан. “Мин Хин ватерворкс” нь Панама паперс буюу оффшор данстануудыг гаргаж ирсэн олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн мэдээлэлд дурьдагдсан бий. “Мин Хин ватерворкс” нь Монголын хөрөнгө оруулалтын групп гэсэн өөр нэртэй. Монголын хөрөнгө оруулалтын группын хувьцаа эзэмшигчид нь Х.Баттулгын эргэн тойрны хүмүүс гэгдэх зургаан хүн бий. Үүнд Жүдогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат, түүний эхнэр Батболдын Оргилсүрэн, Х.Баттулгын найз Батсүх зэрэг хүмүүс хөрөнгө оруулсан байна гэж Ч.Ганхуяг тайлбарласан юм. Энэ зургаан хүн бас “Best state” гэх компанийн хувьцаа эзэмшигчид. “Best state” нь анх дурьдсан CAMEX компанийн 85 хувийг эзэмшдэг юм байна. Ч.Ганхуягийн олж цуглуулсан энэ мэдээллийг эдийн засагч Х.Батсуурь үндэслэлгүй гэж үзсэн бол, үүнийг нь Ч.Ганхуяг ийнхүү нийтэд ил байгаа баримт дээр үндэслэн няцааж байгаагаа дуулгалаа.

Олон улсын хараат бус судалгааны байгууллага “Wealth X”-ын зүгээс Х.Баттулгын өмчийг 1.1 тэрбум ам.доллартай тэнцэнэ гэж тодорхойлсон байна. Бизнес хийдэг хүн энэ зэргийн хөрөнгөтэй байх нь асуудал биш гэж эдийн засагч Х.Батсуурь хэлсэн бол Ч.Ганхуяг энэ хөрөнгөнөөсөө улсад татвар төлсөн байх ёстой гэж үзэж байгаа юм.
“Таны хувьд эдгээр баримтуудыг дэлгэж байгаа гол зорилго юу вэ. Улс төрийн зорилго байгаа юу” гэсэн сэтгүүлчийн асуултад Ч.Ганхуяг “Өнөөдөр өглөө нэр дэвшигч М.Энхболд маань Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр бизнесийн төлөөлөлтэй уулзсан. Би хувьдаа, өнөөдөр эрүүл зөв бизнес Монголд өрнүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Миний өөрийн хийж, ажиллаж, бүтээсэн зүйлийн ул мөр тийм л байгаа. Үүнд хувь хүний асуудал байхгүй. Үүнд цөмөөрөө манай улс төрчдийн хэлэх дуртай шударга байх ёстой гэдгийг баримталъя. Шударга гэхээр өөртөө хамгийн өндөр том шалгуурыг тавих ёстой. Х.Баттулгын тухайд хувь хүний хувьд бидний хооронд асуудал байхгүй. Би түүнийг хар багаасаа танина, уулзаж ярилцаж байсан. Өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн ийм үйлдлүүд дээрээ тайлбар хийгээд ард иргэддээ нээлттэй байх ёстой гэдэг зарчмын байр суурь хэлж байна. Нөгөө талаасаа бизнес, эдийн засгийн орчин тогтвортой байх ёстой. Бидэнд хагарч бутаргасан эдийн засгийн байдал цаашид монголд хэрэггүй гэдэг үүднээс энэ мэдэгдлийг хийж байгаа” гэв.




