"Лантуун дохио" ТББ-аас Нийслэлийн гудамжинд буй "Гулгаа массаж" гэсэн зарын хуудсуудыг хуулж эхэлжээ. Тэд уг ажлаа өчигдөр эхлүүлсэн бөгөөд нэг өдрийн дотор 11 шуудай массажны зар хуулжээ. Хуулсан зараа тэд цагдаагийн байгууллагад өгч шалгуулах юм байна.

Энэ талаар тус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан "Сүүлийн үед гулгаа массаж гэсэн нэрийн дор 15,16-хан настай охидыг бэлгийн мөлжлөгт автуулж, гэмт хэрэг, хүний наймааны хохирогч болгож байна" хэмээн ярьж байна. Тэд 70 хүний бүрэлдэхүүнтэйгээр Шархаднаас Орбит хүртэл, 7 буудлаас Зайсан хүртэлх бүх "Гулгаа массаж" гэсэн хуудсуудыг хуулж цагдаагийн байгууллагад шалгуулах гэнэ. Иймээс иргэдийг гадуур тааралдсан "Гулгаа массаж" гэсэн хаяг, хуудсуудыг хуулан авч уг аянд нэгдэхийг уриалж буй аж.