
Одоогоос дөрвөн жилийн өмнө УИХ-ын чуулганы танхимд ирвэс малчдын амь насанд аюул заналхийлж, эд хөрөнгөд хохирол учруулж байгаа тухай, үүнийг хэрхэн шийдвэрлэх тухай асуудал яригдаж байлаа. Харин өнөөдөр баавгай аюул учруулж байгаа тухай иргэд хот, хөдөөгүй ярьцгааж байна. Гэвч үүнийг хэрхэн шийдвэрлэх, иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хэрхэн хамгаалах тухай ярьж байгаа шийдвэр гаргагч алга. Дөрвөн жилийн өмнө чуулганы танхимд ямар яриа болж байсныг эргэн сануулъя.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг “Тойрогтоо ажиллаж байхад Өвөрхангай аймгийн Богд, Баруун Баян-Улаан гээд аймгийн төвөөсөө 200 км алслагдсан говийн сумын иргэд нэг зүйлийг их ярьж байна. Ялангуяа Богд сумын иргэд энэ асуудалд санаа зовж байгаагаа хэлсэн. Энэ бол Улаан номд орсон цоохор ирвэс маш ихээр өсөж байгаатай холбоотойгоор малчдын мал руу дайрч байгаа асуудал. Говийн аймгуудад уул уурхайн олборлолт ихээр явагдаж байгаа учраас дайжаад ирж байж магадгүй. Улаан номд орсон амьтан учраас айлгаж, үргээж болдоггүй. Хүнээс айхаа ч болсон амьтан гэж байна. Малчдыг өөрсдийг нь айлгаж, мал руу нь дайрах тохиолдол ихэссэн байна. Тойрогтоо очих болгонд "Ирвэсээс болж малын зүй бус хорогдол маш ихээр нэмэгдэх боллоо" гээд малчид гомдоллоод байх юм. Ховордсон ан амьтнаа хамгаалах нь зөв байх. Гэхдээ малчны амь насыг хамгаалах, малыг нь зүй бусаар хоргодуулахгүй байх чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэх вэ” гэж байлаа. Тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ түүний асуултад хариулахдаа “Улаан номд орсон ирвэс болон бусад ховордсон ан амьтныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн нутаг дахь зарим хариуцлагагүй уул уурхайн олборлолтоос болоод ховордсон ан амьтдын амьдрах орчин нь хумигдаж байна. Үүн дээр тодорхой зохион байгуулалт хийе” гэж байв. Гэвч одоо болтол цоохор ирвэстэй нутгийн малчид айдастай хэвээр. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн гуравдугаар сард Завхан аймгийн Шилүүстэй сумын малчдын мал руу ирвэс дайрч малыг нь барьж идсэн хэд хэдэн тохиолдол гарсан.

Сүүлийн үед баавгай цоохор ирвэснээс ч илүү малчдад аюул занал учруулж эхэллээ. Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын уулархаг нутгаар амьдарч буй малчдын мал, гэр рүү баавгай дайрах тохиолдол өдөр бүр гарч байна. Малчид баавгайг машин, мотоциклиор хөөж бэлчээрээсээ түр холдуулахаас өөрийг хийж чадахгүй. Бүр аргаа бараад бугуйлдаж хүлсэн тохиолдол ч гарлаа. “Баавгай бугуйлдаж хүлсэн анхны аймаг манайх, танайх” гэж хөгжилдөж байгаа ч энэ зэрлэг амьтан бол тоглоом биш. 2019 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын малчны гэр рүү баавгай дайрч аав, хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай хэрэг гарч байв. Мөн саяхан тус аймгийн Хүдэр сумын малчны гэр рүү баавгай дайрч эвдэж сүйтгэжээ. Азаар гэр нь эзгүй байсан учир хүний амь нас эрсдэхээс холуур өнгөрч. Гэвч олон хавар нэгэндээ гэдэг шиг өдөр бүрийн энэ дайралтууд эцэстээ хүний аминд хүрэхийг үгүйсгэхгүй. Энэ болтол шийдвэр гаргах түвшинд яах ёстойг хэлэлцэхгүй, тоохгүй байсаар л байх уу. Идүүлсэн малын тоо хэдэн зууд хүрч, заавал хүний амь нас эрсэдсэн тохиолдол л арга хэмжээ авах шийдвэр гаргах ёстой юу?
Манай улсад 190 мянга гаруй малчин өрх бий. Эдгээр малчдын амьдрал, эдийн засаг, санхүүгийн баталгаа нь мал. Тэд малынхаа үр шимээр амьдралаа залгуулдаг. Малчид ган, зудад малаа алдахаас гадна цоохор ирвэс, баавгайд малаа идүүлсээр байна. Нэг хонь эсвэл ямаа идүүллээ гэхэд тухайн малчин айл хамгийн багадаа 200-300 мянган төгрөгөөр хохирно. Үхэрээ идүүлбэл хамгийн багаар тооцоход хоёр сая. Эд хөрөнгө, амь насаа хамгаалаад дархан цаазтай амьтныг хөнөөж болохгүй. Хөнөөвөл торгуулахаас эхлээд хуулийн хариуцлага хүлээнэ. Гэтэл тэр дархан эрхтэй амьтад малчдыг өдөр бүр “торгож” зуу зуун мянгаар хохироосоор байна. Цоохор ирвэс, баавгатай бүс нутгийн иргэд малаа идүүлж, эдийн засгийн алдагдалд орохыг зүгээр хараад суусаар л байх уу. Эсвэл заавал хүний амь нас эрсдэхийг хүлээх үү?