Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын нээлт өчигдөр болжээ. Тус эмнэлгийн барилгын ажлыг 100 хувь улсын төсвөөр буюу 16,4 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр хийж гүйцэтгэжээ. Эмнэлгийн барилга ашиглалтад орж орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр хангагдсанаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйлчлэх хүрээний 70 гаруй мянган иргэд төдийгүй зэргэлдээх аймгийн зарим сумдын хүн ам тав тухтай орчинд тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байна гэдгийг салбарын сайд нээлтийн үеэр онцолсон байна.
Засгийн газрын 2016 оны 160, 2017 оны 8 дугаар тогтоолоор тус аймгийн Хэрлэнбаян-Улаан, Баянмөнх, Дадал, Баян-Адрага сумын эрүүл мэндийн төвд нийт 4 түргэн тусламжийн автомашин олгосон байна.
Тус эмнэлэгт энэ онд нийт 245 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж, суурин рентген аппарат, тархины цахилгаан бичлэгийн аппарат, мэс заслын гэрэл зэргийг олгохоор төлөвлөсөн бөгөөд нээлтийн үеэр эхо аппаратыг хүлээлгэн өгчээ.
Мөн Засгийн газрын 2016 оны 160, 2017 оны 8 дугаар тогтоолоор тус аймгийн Хэрлэнбаян-Улаан, Баянмөнх, Дадал, Баян-Адрага сумын эрүүл мэндийн төвд нийт 4 түргэн тусламжийн автомашин олгосон байна.
Харин энэ ондоо багтаан Хэрлэн сумын Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвийг автомашинаар хангах аж.