Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос эрт үеэс уламжлан ирсэн өв соёлоо сэргээн таниулах, сурталчлах зорилготой “Нүүдэл” /NOMAD event/ төслийн хүрээнд Төв аймгийн Угтаалцайдам, Цээл сумын Засаг даргын Тамгын газартай хамтран орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх хаврын анхны гэрэл зургийн өдөрлөгийг зохион байгуулжээ. Мөн энэ үеэр “Адуучин” тэмцээн болон тэмээний өв соёл, монгол нүүдлийг харуулсан бүтэн өдрийн арга хэмжээ болсон байна.
Төв аймгийн Цээл сумын нутаг Их Хангинахын өвөрт хаваржиж байгаа малчин Н.Саруулийн тэмээн сүргийг Монголын гэрэл зурагчид зорин очиж нүүдлийн соёл, талын нүүдэлчин амьдралын нэг өдрийг дуран авайдаа буулгажээ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах үүднээс “Хөх морь трэйвл” ХХК-ийн сэдсэн санааг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо ийнхүү хэрэгжүүлсэн байна.
“Нүүдэл” төслийн гэрэл зургийн өдөрлөгт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн фото сэтгүүлч С.Цацралт тэргүүтэй гавьяат цолтнууд болон гэрэл зургийн 70 орчим уран бүтээлч хамрагджээ. Энэ удаагийн арга хэмжээнд нийслэл хотоос гадна Сэлэнгэ, Төв, Дархан, Говьсүмбэр, Эрдэнэтийн гэрэл зурагчид өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирснээрээ онцлог байлаа. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-оос Шилийн гол аймгийн гэрэл зурагчин С.Найрамдал тэргүүтэй таван зурагчин нүүдлийн соёлын арга хэмжээг зорин иржээ. Гэрэл зургийн урлагаар Монголын нүүдлийн уламжлалт соёлыг олонд түгээж, түүгээр орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх ажлыг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.