Малайзын эрх баригчид аюулгүй байдлын улмаас Хойд Солонгосын иргэдэд виз олгохоо зогсоохоор болжээ. Уг мэдээллийг тус улсын Ерөнхий сайдын орлогч Ахмад Захид мэдэгдлээ.

Өнгөрсөн сарын 13-нд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жон Намыг Куала Лумпураас Макао руу явахаар нисэх онгоцны буудал дээр нислэгээ хүлээж байх зуур нь санаатайгаар амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан.

БНАСАУ-ын захиалгаар хоёр эмэгтэй Ким Жон Намын нүүр рүү нь хордуулсан зүүгээр хатгаж хөнөөсөн гэж үзэж байгаа. Малайзийн цагдаагийн газраас Ким Жон Намыг хөнөөхөд зургаан хүн оролцсон гэж үзсэн бөгөөд одоогоор хоёр эмэгтэй, хоёр эрэгтэйг сэжиглэн баривчлаад байгаа юм.

АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан Ким Жон Намыг хөнөөсөн хэргийг Хойд Солонгосын нууц ажилтнууд зохион байгуулсан гэж мэдээлсэн. Ким Жон Намыг “VX” гэх химийн бодисоор хордуулсан болохыг  тогтоогоод байна.

Тэгвэл баригдсан этгээдүүдийн нэгийг нь суллаж, Малайзаас албадан гаргасан талаар тус улсын Ерөнхий прокурор Мухаммед Апанди Али мэдэгдлээ.

Тэрбээр “Ким Жон Намын үхэлтэй холбогдуулан баривчилсан Хойд Солонгосын иргэн Ри Жон Чолийг уг хэрэгтэй холбоотой гэх баталгааг олоогүй учир суллаж, Малайзаас албадан гаргаад байна” гэж мэдэгджээ.

Тиймээс Малайзын эрх баригчид аюулгүй байдлын үүднээс Хойд Солонгосын иргэдэд виз олгохоос татгалзсан юм.

Өнгөрсөн лхагва гарагт Малайзын шүүхэд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жон Намыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн хоёр эмэгтэйг шүүх хурал болжээ. Шүүх хурал цагдаагийн өндөр хамгаалалт дор болсон байна.

Индонезийн иргэн, 25 настай Сити Айшах, Вьетнамын иргэн, 28 настай Дун Ти Хунг нарыг химийн хорт бодисоор Ким Жон Намыг хөнөөсөн хэрэгт буруутай гэж Малайзын шүүх яллагчаар татжээ. Шүүх хурлын үеэр Дун Ти Хун өөрийгөө буруугүй хэмээн мэдэгджээ. Малайзын хуулийн дагуу тэд хүн амины хэрэгт цаазаар авах ял сонсох магадлалтай аж. Ял оноох шүүх хурал ирэх дөрөвдүгээр сард болох гэнэ.