
Монголчууд эрт дээр үеэс хурим найр, баяр ёслол, цагаан сараар ууц тавьж, зоог шүүсээ бэлдсээр ирсэн уламжлалтай. Сар шинэ хаяанд хаяанд дөхсөн энэ үед уншигчдадаа зориулж ууц чанаж болгох, түүнийг хэрхэн баярын ширхээндээ тавих болон ууц хөндөх ёсны тухай хүргэж байна.
Хонины ууцыг бэлтгэхдээ хойгуураа гуяны хонгыг оруулан, урдуураа сүвээний гурван хавиргыг тэр чигээр нь нурууны нугалмуудтай огтолж авдаг. Гуяны булчинг оруулахгүй авбал ууц шулдан үзэмжгүй болдог. Иймээс гуяны өнгөн талыг эвдэхгүйгээр дотор талаас нь сүүжийг нь ухаж, дунд чөмөгнйи хамт салгаж авна. Ууцыг том тогоонд давстай уёсанд зөөлөн галаар удаан чанаж болгоно. Чанахдаа ууцны нугасны нүхэнд нарийн төмөр шургуулан чанавал ууц хотойж муруйдаггүй. Дараа нь бусад махнуудыг ууц чанасан шөлөндөө чанаж болгоно.

Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Зочны өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы бураа талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина.
Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина.
Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.