“Анхны” гэх тодотголтой бүхэн ариун гэгээн дурсамж үлдээдэг. Тиймээс бид “Миний анхны” булангаараа дамжуулан уншигч таны анхны хийгээд санаанаас хэзээ ч гардаггүй, амьдралд мартагдахааргүй үлдсэн дурсамжийг хуваалцах гэж байна. Дурсамжаа хуваалцахыг хүсвэл “Миний анхны” фэйсбүүк хуудаст болон [email protected] мэйл хаягаар ирүүлнэ үү.

Бид энэ удаа өчигдөрхөн болж өнгөрсөн “Гэгээн хайр”-ын өдөрт зориулан бидэнд илгээсэн захидлыг хүргэе.

Захидал иржээ. Цахим шуудангаар биш, задлахад үргэлж догдлуулдаг дугтуйтай тийм захидал. Имэрч, эргүүлж тойруулж уншдаг тийм дотнохон захидал иржээ. Дугтуйтай захидал дандаа нууц агуулдаг, дугтуйтай захидал дандаа догдлол тээдэг шүү дээ. Хэнээс ирсэн бол, юу гэсэн бол гэсэн сониуч асуулт дандаа дагуулдаг ёсоор энэ удаа ч яаран сандран дугтуйг нээлээ. Хамгийн түрүүнд нүдэнд туссан нь захидал илгээсэн сар, өдөр. Хоёрдугаар сарын 14. Өө, өнөөдөр хайрын баярын өдөр шүү дээ. Хайрын болзоонд урьсан захидал байлаа, тэр. Урдах ажлаа амжуулаад болзоо руугаа яаръя...

Заримдаа утсаар ч ярих завгүй давчуу хормууд, Улаанбаатарын замын түгжрээ яадаг билээ дээ. Дандаа л товлосон цагаас хойш чангаах гээд байдаг энэ бүхэнтэй уралдсаар болзсон газраа яг цагтаа ирэв. Болзоо товлосон “Ганзам” ресторанд.

“Хорвоо дэлхийн өнгийг ивээгээд

Зүсэрсэн бороо юу даа

Холын замын уртыг эвхээд

Зөгнөсөн болзоо юу даа

Хонхон цэцгийн дэлбээг эвийлээд

Зүсэрсэн бороо юу даа

Хотол зүрхний хайрыг эрхлүүлж

Зөгнөсөн болзоо юу даа

Хунтай нуурыг хө

Хонон өнжин яарлаа даа

Хайртай хүүгээ бодоод хө

Холын холоос ирлээ дээ” хэмээн сайхын аялгуутай дууг эгшиглүүлнэ. Тийм ээ, намайг болзоонд урьсан, дугтуйнд урилгаа дайж догдлуулсан хүмүүс бол залуу дуучин Б.Нямзагд, Б.Хандмаа нар байсан юм. Хосуудад зориулсан “Хайрын болзоо” тоглолтоо тэд Улаанбаатар төмөр замын аялал жуулчлалын товчооны “Ганзам” ресторанд хийсэн нь энэ байлаа.

Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан толилуулсан Улаанбаатар төмөр замын соёлын ордноор овоглодог дуучдын тоглолтыг УБТЗ-ын Аялал жуулчлалын товчооныхон бусдаас өөрөөр, өвөрмөцөөр зохион байгуулжээ. Ингэж хэлэхийн учир нь тоглолтонд уригдсан хосууд гол дүр нь байж, дуучид тэдний болзоог чимж байсанд байгаа юм. “Намайг чамтай учруулсан тэр л өдөр шиг, насан туршдаа гандамгүй цэцэг л байгаасай”  гэсэн хос дуучны аялгуунд ханиа, хайртай бүсгүйгээ болзоонд урин оройн зоог барих нь давчуухан суудал дээр даарсхийн тоглолт үзэхээс мэдээж өөр байлгүй яах вэ. Бүдэгхэн лааны гэрэлд бүлээн дарс шимэн дууны аялгуунд мансууран дурлалын үдшийг өнгөрүүлэх мэдээж бусдаас өөр л байлгүй яах вэ.

Хайрын болзоонд хосуудыг урьсан менежерүүд бол Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын товчооны захирал Б.Хажидмаа, Улаанбаатар төмөр замын соёлын ордны дарга Д.Бямбажав нар байв. Залуухан менежерүүд дандаа уянгын аялгуунд ууссан орчныг бүрдүүлэхийг хүсээгүй нь илт. Тэгээд ч Хайрын болзоо яагаад заавал бүдэг лааны гэрэлд байх ёстой гэж. Тийм ээ, Амьд хөгжмийн “Лорд” хамтлаг хайрын болзоог бүжгийн талбайд авчирсан. Твист, диско, техно... Доргитол бүжиглэж, тэгснээ дотнохон тэврэлдэн вальс эргэх нь энэ үдшийн тэгш бус, тэгсэн хэрнээ дэндүү гоё хэмнэл нь байлаа. Хамгийн сайхан нь төмөр замчдаас бусдад хаалттай гэж боддог байсан “Ганзам”-ынхан үүдээ дэлгэжээ.