АН-ын VII Их хуралд оролцож байгаа төлөөлөгчид Ардчилсан намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг батламжиллаа. Ингэснээр Ардчилсан намын дарга З.Энхболд чөлөөлөгдөж, С.Эрдэнэ шинэ дарга боллоо. Шинэ даргын нэрийг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх даалгаврыг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болголоо.

Ардчилсан намын тамгыг шинэ дарга С.Эрдэнэд гардуулан өглөө. Тамгыг гардуулахад нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар биечлэн оролцлоо.

Ардчилсан намын дарга З.Энхболд тамгаа шилжүүлж өгөхийн өмнө үг хэлэв. Тэрбээр “Ардчилсан хувьсгалын тугийг өргөж явсан, ардчилал эрх чөлөө шударга ёсыг эрхэмлэгч журмын нөхөддөө баяр хүргэе. Ардчиллын төлөө тууштай тэмцэж, шинэчлэлийг хөгжүүлж чадсан мянга, мянган гишүүд, их хуралдаа ирсэн гишүүддээ талархаж байна. Ардчилсан нам УИХ сонгуульд цөөнх болсон хэдий ч алдаа дутагдалдаа үнэлэлт дүгнэлт өгч, өөрчлөлт, шинэчлэлийг хийж байна. Олигарх, оффшорчдоосоо салж чадсан Ардчилсан намын гишүүддээ талархал илэрхийлье. Ардчилсан намыг дахин эрх баригч хүчин болгохын төлөө З.Энхболд миний бие хамтран зүтгэх болно. Ардчилсан намын дарга С.Эрдэнийг 2020 оны УИХ-ын сонгуульд амжилт үзүүлэхийг ерөөе” гэв.