Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг утга уянгын “Болор цом” наадам 34 дэх жилдээ өнгөрсөн бямба гарагт Дорнод аймгийн Чойбалсан хотноо болж, өндөрлөлөө.
Энэ жилийн наадамд 80 гаруй найрагч бүтээлээ ирүүлснээс 30 найрагч тайзнаа шүлгээ уншиж өрсөлдсөн.
Наадмын эцсийн шатанд А.Эрдэнэ-Очир, М.Уянсүх, Б.Гансүрэн, Ч.Ууганбаяр, Б.Батсайхан нар тунаж үлдсэнээс яруу найрагч Борхүүгийн Батсайхан энэ удаагийн “Болор цом” наадмын эзнээр тодорсон билээ.
Б.Батсайхан нь Сүхбаатар аймгийн яруу найрагч бөгөөд аймгаасаа анхны цомын эзэн болж байгаа юм.
Түүний “Болор цом” хүртсэн шүлгийг хүргэе.
ТЭР ЭМЭГТЭЙ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай
Даарсаар очиход минь угтан авч
Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг
Гоо үзэсгэлэнт тэр хүнээс
Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэртээ холоос ч угтдагт нь дуртай
Халууцсаар очиход минь тосон авч
Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг
Гомдоох ердөө боломжгүй тэр хүнээс
Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ
Жирийн л нэг монгол эмэгтэйгээс
Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ
Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг
Ээж гэдэг