
Хамгаас хайртай хүү тань, хайр татам охин тань шинэ жилийн баяраар юу хүсдэг бол. Бяцхан хүүхдүүдийг та зөвхөн чихэр жимс, гоё тоглоом хүсдэг гэж бодож байна уу. Тэгвэл та тэднийг өвлийн өвөөгөөс, аав ээжээсээ юу хүсдэгийг сонирхоорой.
Мөн тэд “Шинэ жил гэхээр чиний санаанд хамгийн түрүүнд юу бодогддог вэ”, “Өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг үү” гэх асуултад юу гэж хариулсныг хамтдаа сонирхъё.
-Зургаан настай хүү: Би унадаг дугуйтай болмоор байна-

-Шинэ жил гэхээр хамгийн түрүүнд юу бодогддог вэ. Өвлийн өвгөн байдагт итгэдэг үү?
-Хамгийн түрүүнд гацуур л санаанд буудаг. Би өвлийн өвөө байдаг гэж боддог. Яагаад гэвэл тэр манай шинэ жилийн баяр дээр ирдэг шүү дээ.
-Тэгвэл шинэ жилийн баяраар өвлийн өвөөгөөс юу хүсч байна вэ?
-Би унадаг дугуйтай болмоор байна. Шинэ жилийн өдөр би гацуурныхаа тэнд зогсож байгаад өвлийн өвөөгөөс дугуй гуймаар байна.
-Сэтгэлээс чинь гардаггүй, дурсамжтай, мартагдагдашгүй шинэ жилийн баяр чиний хувьд хэзээ болсон бэ?
-Нэгдүгээр ангийн шинэ жил хамгийн гоё болсон. Би “З” үсэг болоод надад өвлийн өвөө бэлэг өгсөн.
-9 настай охин: Ахтайгаа хамт хөтлөлцөөд гүймээр байна-

-Өвлийн өвгөн байдагт итгэдэг үү?
-Өвлийн өвөө байдаг шүү дээ. Би итгэдэг. Би зөндөө харж байсан. Манай ах ч гэсэн итгэдэг гэсэн.
-Тэгвэл шинэ жилийн баяраар өвлийн өвөөгөөс юу хүсч байна вэ?
-Ахыг минь эрүүл болгоод намайг хөтлөөд гүйдэг, хамт тоглодог болгож өгөөч гэж хүсмээр байна. Харин бэлэгний тухайд өвлийн өвөө л өгч байвал ямар ч бэлэг байсан болно. /инээв/
-Сэтгэлээс чинь гардаггүй, дурсамжтай, мартагдагдашгүй шинэ жилийн баяр чиний хувьд хэзээ болсон бэ?
-Аав ээж, ахтайгаа өнгөрүүлсэн бүх шинэ жилийн баяр сайхан байдаг. Бас сургууль дээр минь өвлийн өвөө ирээд бэлэг өгөхөөр их гоё санагддаг.
-13 настай хүү: Би өвлийн өвөөгөөс гар утас авахыг хүсч байна-

-Өвлийн өвгөн гэдэгт итгэдэг үү?
-Байдаггүй байх өө. Би угаасаа л жоохноосоо л байдаггүй гэж боддог байсан.
-Хэрвээ байдаг бол өвлийн өвөөгөөс юу хүсч байна вэ?
-Хэрвээ өвлийн өвөө байдаг бол надад энэ шинэ жилийн баяраар утас өгөөсэй гэж хүсч байна. Би саяхан утасаа алдсан. /инээв/
-Сэтгэлээс чинь гардаггүй, дурсамжтай, мартагдагдашгүй шинэ жилийн баяр чиний хувьд хэзээ болсон бэ?
-Найзуудаа нэг шинэ жилийн баяраар гэртээ урьсан юм. Тэр шинэ жилийг хэзээ ч мартдаггүй.
-15 настай охин: Хамгийн түрүүнд шинэ жилийн дуу санаанд ордог-

-Шинэ жил гэхээр хамгийн түрүүнд юу бодогддог вэ. Өвлийн өвгөн гэдэгт итгэдэг үү?
-Хамгийн түрүүнд шинэ жилийн дуу, хөгжим, өвлийн өвөө, гацуур мод боддогддог. Өвлийн өвөө байдаг гэдэгт багадаа их итгэдэг байсан. Тэгээд том цагаан сахалтай, өвөө шиг хүн байдаг болов уу гэж боддог байлаа.
-Тэгвэл өвлийн өвөөгөөс юу хүсч байна вэ?
-Хүүхэд бүхнийг хайртай хүмүүстэй нь эрүүл саруул байлгаж өгөөрэй гэж хүсмээр байна.
-Сэтгэлээс чинь гардаггүй, дурсамжтай, мартагдагдашгүй шинэ жилийн баяр чиний хувьд хэзээ болсон бэ?
-Бүх л шинэ жил гоё байдаг.
-17 настай хүү: Шинэ жил дөхөхөөр уургүй болчихдог-

-Шинэ жил гэхээр хамгийн түрүүнд юу бодогддог вэ. Өвлийн өвгөн гэдэгт итгэдэг үү?
-Шинэ жилийн баяр дөхөхөөр хүмүүс бүгд гоё инээмсэглээд, уургүй болчихдог. Багадаа өвлийн өвөө байдаг гэж боддог байсан. Харин сүүлийн үед жоохон итгэхээ болиод байгаа. Гэхдээ өвлийн өвөөг төсөөлөхөөр хамгийн түрүүнд нүдэнд урт цагаан сахал л харагддаг.
-Өвлийн өвгөн байдаг бол түүнээс юу хүсэх вэ?
-Бидний “Харшийн сүлд модны наадам”-ыг улам гоё болгож, олон хүүхэд үздэг болоосой гэж хүсч байна.
-Сэтгэлээс чинь гардаггүй, дурсамжтай, мартагдагдашгүй шинэ жилийн баяр чиний хувьд хэзээ болсон бэ?
-Энэ жил би анх удаа “Хашийн сүлд модны наадам”-д оролцлоо. Олон хүүхдийг ингэж баярлуулснаа хэзээ ч мартахгүй байх гэж бодож байна.