Монгол Улсад дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны анхны сайд Чин ван М.Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын тэмцээн зохион байгуулж байна. Энэхүү тэмцээнийг Гадаад харилцааны яам, Монголын шатрын холбоотой хамтран 26 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа ажээ. Тэмцээн өчигдөр тус яамны “Номин” танхимд эхэлсэн юм. Энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа шатарчдын 52 хувь нь цолтой шатарчид бол өсвөрийн 43 шатарчин оролцож байгаа ажээ. Тухайлбал Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Б.Гүндаваа, Т.Батчимэг нарын дөрвөн их мастер, Олон улсын хэмжээний мастер зургаа, Дэлхийн шатрын холбооны мастер 15, Дэлхийн шатрын холбооны дэд мастер 11, спортын мастер 11, дэд мастер долоо, Гадаад харилцааны яамнаас зургаан тамирчин нийт 108 шатарчин өрсөлдөж байна. Тэд 11 өргөөр өрсөлдөж өнөө орой дүнгээ гаргах юм.