2015 оны арваннэгдүгээр сард One FC-д хийсэн тулаан постер зураг
Холимог тулааны MFP холбоо эрэгтэй хүнд жингийн аваргын бүсний төлөөх анхны тулаанаа уржигдар ОХУ-ын Хабаровск хотноо “Дорнод хил 2” (“Востойчны рубеж 2”) тулааны хүрээнд зохион байгуулжээ. Уг тэмцээнийг Хабаровск мужийн амбан захирагчийн нэрэмжит болгон энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулсан байна.
Тэмцээний хүрээнд холимог тулааны MFP холбоо хүнд жингийн аваргын бүс эзэмшигчийг тодруулах тулаан зохион байгуулсан нь үзэгчдийн сэтгэлд гойд нийцжээ. Аварга цолны төлөө Бразилийн тулаанч, Жеронимо Мондрагон дос Сантос, Хабаровскийн Евгений Ерохинтой өрсөлдсөн уг тоглолтын хүрээнд өөр найман тулаан болсон бөгөөд тэдний нэг нь манай Монгол Улсын тулаанч Батмөнхийн Бүрэнзоригийн байв. Холимог тулааны Монгол Улсын авраг цолыг эзэмшигч тэрээр найман тулааны хамгийн сүүлд буюу аваргын бүсний төлөөх тоглолтын өмнөх тулаанд октагон дээр гарч, нутгийн тамирчин Эльнур Агаевтай нударга зөрүүлсэн байна.
Тоглолт эн тэнцүүхэн өрсөлдөөн дунд өрнөсөн ч сүүлийн үеийн сүүлчийн минутад 2-3 удаа оновчтой цохисон орос эрд шүүгчид ялалтыг өгсөн байна. Хоёр тамирчны тулаан ихэвчлэн хэвтээ байдалд өрнөж байсан тул үзэгчид босоогоос идэвхитэй тулалдуулахыг шүүгчээс шаардан шүгэлдэж байсан гэнэ. Э.Агаев нь манай тамирчнаас таван насаар залуугийн дээр БНХАУ-д болсон “Road FC 034” тэмцээнд орж ялалт байгуулсан болохоор үзэгчид түүнийг манай хүнийг дор нь ялна гэж бодсон бололтой. Гэвч яаж ч хичээгээд илүүрхэж чадаагүй. Дүрдээ итгэсэн Э.Агаев тоглолт дууссаны дараа хурц дайчин тоглолт гаргаж чадаагүйдээ үзэгчдээсээ уучлалт гуйсан гэнэ.
Аваргын бүсний төлөөх тоглолт ч мөн ихэвчлэн хэвтээ байдалд өрнөж, Бразилийн тулаанч шүүгчийн саналаар ялан MFP холбооны хүнд жингийн анхны аваргын бүс эзэмшигчээр тодорчээ.
Б.Бүрэнзориг өмнө нь холимог тулааны One FC холбоонд харъяалагдаж, тулаан хийж байсан билээ.