
“Хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй, хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэж орчин үеийн менежментийн онолыг үндэслэгчдийн нэг, менежментын эцэг гэгддэг зохиолч Питер Дракерийн хэлсэн үг бий.
Энэхүү санаа өнөөдөр УИХ-аар хэлэлцэж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн нэг чухал шинэчлэлтэй шууд холбогдоно. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг нэг гол зохицуулалт нь Монгол Улсыг карбон зах зээлд оролцуулах. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ойжуулалт, бэлчээрийн тогтвортой менежмент зэрэг чиглэлээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрстөрөгч шингээх томоохон нөөц боломжтой. Тиймээс үйлдвэрлэл хөгжсөн, хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг улс орнуудын хувьд хамтран ажиллах сонирхолтой түнш болж байна. Манай улс одоогийн байдлаар Сингапур, Япон, БНСУ, Швейцарь гэсэн дөрвөн улстай карбон кредитийн хамтын ажиллагааны хоёр талт хэлэлцээр байгуулаад байгаа юм. Тэнд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах хэрэгцээ бий, бидэнд бууруулах болон нүүрстөрөгч шингээх боломж бий. Харин хэрхэн яаж, ямар хэмжээгээр бууруулж байгаагаа хэмжиж тайлагнах нь хамгаас чухал юм. Тийм учраас л “Хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй, хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэсэн зарчим жинхэнэ утгаараа энд ашиглагдана.

Хүлэмжийн хийн ялгарлыг хэрхэн бууруулж байгаагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байдлаар хэмжиж, түүнийгээ баталгаажуулан тайлагнаж байж кредитээ зарна. Товчхондоо хамтрагчийнхаа итгэлийг хүлээх нь хамгийн чухал гэсэн үг. Энэ талаар Монгол Улс дахь Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн (ҮТХН/ NDC) түншлэлийн зохицуулагч Э.Тамираас тодрууллаа.

Монгол Улс карбон зах зээлд оролцохын тулд хүлэмжийн хий ялгарлыг хэрхэн бууруулж байгаагаа хэмжиж, тайлагнах нь чухал. Энэ тогтолцоог хэрхэн бүрдүүлэх вэ?
Карбон зах зээл нь үндсэндээ итгэлцэл дээр тогтдог зах зээл. Итгэлцлэл дээр үндэслээд дараа дараагийн хариуцлагын асуудлууд мөн яригдана. Худалдан авагч улс, хөрөнгө оруулагч эсвэл олон улсын байгууллага Монгол Улсад бууруулсан нэг тонн хүлэмжийн хийн ялгарлыг зөвхөн бодитой, хэмжигдсэн, баталгаажсан тохиолдолд л хүлээн зөвшөөрнө. Иймээс хэмжилт, тайлагналт, баталгаажуулалтын буюу measurement, reporting, verification (MRV) тогтолцоо нь карбон зах зээлд оролцох техникийн шаардлага төдийгүй итгэлцлийн үндсэн дэд бүтэц болдог. Мөн үүссэн кредитыг давхар тоологдох эрсдэлээс сэргийлнэ. Өнөөдөр дэлхийн улс орнууд зөвхөн карбон зах зээлд зориулж бус, үндэсний хүлэмжийн хийн тооллого, хяналт, уур амьсгалын санхүүжилтийн үр дүнгийн үнэлгээ зэрэг олон чиглэлээр MRV тогтолцоог ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, MRV нь “Ямар ажил хийсэн бэ?” гэсэн асуултаас илүүтэй “Ямар үр дүн гарсан бэ?” гэсэн асуултад хариулдаг тогтолцоо.
Монгол Улсын хувьд энэ тогтолцоог бүрдүүлэхийн тулд хүлэмжийн хийн мэдээллийг нэг стандарт, нэг аргачлалаар цуглуулах, салбаруудын тайлагналын тогтолцоог бэхжүүлэх, үр дүнг хараат бусаар баталгаажуулах шаардлагатай. Энэ чиглэлээр хүлэмжийн хийн үндэсний тооллого, ҮТХН-ийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ зэрэг үндсэн бүрэлдэхүүнийг бүрдүүлээд байна. Харин мэдээллийн чанар, байгууллагуудын уялдаа холбоо, дижитал бүртгэлийн системийг цаашид улам боловсронгуй болгох шаардлага хэвээр байна. Эдгээрийг нэгтгэсэн үндэсний хэмжээний MRV болон бүртгэлийн тогтолцоо нь Монгол Улсын уур амьсгалын бодлого, карбон зах зээл, ногоон санхүүжилтийн суурь болох юм.
Хэмжилтээ зөв хийж үнэн бодитоор баталгаажуулах нь энэ зах зээлд итгэлтэй тоглогч болох эхний алхам гэж ойлгож болох уу?
Хэмжилтээ зөв хийж үнэн бодитоор баталгаажуулах нь карбон зах зээлд оролцох хамгийн эхний бөгөөд хамгийн чухал алхам. Карбон кредитийн үнэ цэнэ нь тухайн улсын байгалийн нөөц, төслийн хэмжээ эсвэл амлалтаас бус, харин хэмжиж нотолж чадсан үр дүнгээс хамаардаг. Хэрэв бууралтыг үнэн зөв хэмжиж чадахгүй бол карбон кредит бий болохгүй. Чанартай сайн кредит үүсгэж чадахгүй бол олон улсын санхүүжилт татах боломж хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл, хэмжилт нь зөвхөн техникийн асуудал биш, эдийн засгийн үнэ цэнэ бий болгох нөхцөл юм.
Олон улсын сайн туршлагаас харахад карбон зах зээлд амжилттай оролцож буй улс орнуудын нийтлэг онцлог нь найдвартай MRV тогтолцоотой байдаг. Худалдан авагчид хамгийн түрүүнд тухайн улсын хэмжилтийн чанар, мэдээллийн ил тод байдал, баталгаажуулалтын тогтолцоог үнэлдэг. Итгэлцэл бий болсон тохиолдолд хөрөнгө оруулалт, урт хугацааны хамтын ажиллагаа дагалддаг. Түүнчлэн MRV тогтолцоо нь зөвхөн тайлагналын хэрэгсэл биш. Энэ нь бодит нөхцөл байдлыг үнэлэх, аль салбар хамгийн өндөр үр дүнтэй байгааг тодорхойлох, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг эрэмбэлэх чухал үндэс болдог. Өөрөөр хэлбэл, “Хэр их ялгаруулж байна вэ?” гэдгээс гадна “Хаана хамгийн их боломж байна вэ?” гэсэн асуултад хариулах боломжийг олгодог.
Манай улс өнөөдөр хүлэмжийн хийн үндэсний тооллого хийдэг ч хяналт-шинжилгээ, тайлагналын тогтолцоо нь төсөл хөтөлбөр тус бүрийн хүрээнд хэрэгжиж ирсэн. Харин Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд хүлэмжийн хийн ялгарлын үндэсний нэгдсэн тооллого, хэмжилт-тайлагналбаталгаажуулалтын тогтолцоо, бүртгэлийн сан болон олон нийтэд нээлттэй цахим платформыг бий болгохоор тусгажээ. Мөн салбар бүр уур амьсгалын асуудал хариуцсан мэргэжилтэнтэйй байхаар заасан нь олон улсын өмнө хүлээсэн амлалтыг бодит хэрэгжилттэй холбох чухал алхам болж байна. Энэ бүхний үр дүнд Монгол Улс уур амьсгалын зорилтоо хэрэгжүүлэх илүү нэгдсэн, тогтвортой тогтолцоотой болох боломж бүрдэж байна.