
Дэлхийн олонх оронд, түүхийн ихэнх хугацаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл дэх үүрэг, хариуцлага тов тодорхой, тун ойролцоо байж ирсэн.
Товчхондоо, эрэгтэй хүн ан гөрөө хийн, дайн тулаанд мордож, ар гэрийнхээ аюулгүй байдал тэргүүтэй гаднах асуудалд анхаардаг бол эмэгтэй нь үр хүүхдээ өсгөх, хоол унд зэхэхээс эхлээд өрхийн дотоод асуудлыг хариуцан аж төрсөөр өнөөг хүрэв. Тиймдээ ч эр хүнийг гэрийн эзэн гэж тодотгоод, бүсгүйчүүдийг эзэгтэй гэж нэрийддэг биз. Харин сүүлийн жилүүдэд энэ хандлага өөрчлөгдөж, дэлхий дахинд хүйсийн үүргийн хувьсал бий болоод буй. Улмаар үр хүүхэд өсгөх, хоол хүнсээ бэлтгэх, гэр ахуй цэвэрлэх зэрэг хүнд хийгээд чухал үүрэг эрчүүдийн нуруун дээр иржээ. Харин бүсгүйчүүд ажил хийж, карьераа өсгөж, гэр бүлийнхээ санхүүгийн асуудлыг хариуцдаг болов.
Аавууд ажлаасаа гарч, хүүхдээ гардан өсгөж буй эл үзэгдлийг “Stay-at-home dad” гэж тодорхойлж буй бөгөөд АНУ, Япон, Швед, Норвеги тэргүүтэй дэлхийн олон оронд бий болжээ. Тоо сөхвөл, АНУ-д гэртээ хүүхдээ асарч буй насанд хүрэгчдийн 18 хувийг аавууд эзэлж буй. Энэ тоо 1989 онд 10 хувьд ч хүрдэггүй байжээ. Хамгийн сонирхолтой нь, ажлаа орхиж, гэртээ үлдсэн аавуудын 23 хувь нь хүүхдийнхээ нандин мөчийг хамтдаа өнгөрөөж, эхнэрийнхээ ачааллыг хөнгөлөх зорилготойгоор энэ сонголтыг хийсэн байна. 1989 онд тус үзүүлэлт хамгийн бага буюу ердөө таван хувь байсныг “Pew Research Center” судалгааны багийнхан онцолжээ. Харин Швед, Норвеги зэрэг Скандинавын орнуудад эрчүүдийн 90 орчим хувь нь хүүхэд асрах урт болон богино хугацааны чөлөө ажлаасаа авсан байна. Азийн улс орнуудад ч энэ үзэгдэл бий болоод багагүй хугацаа өнгөрчээ.
Тухайлбал, Японд гэртээ байж, хүүхдээ өсгөдөг аавуудыг “Икумэн” (Хүүхэд өсгөдөг эр хүн) гэж нэрлэдэг бөгөөд хүүхдээ асарч буй иргэдийн 20 гаруй хувийг эрчүүд эзэлдэг. Тус улс эхнэрүүдийн ачааллыг бууруулах, хүйсийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор дээрх тоог 50 хувьд хүргэхийн зорьж, хууль эрх зүйн бодлогоор дэмжлэг үзүүлэх болжээ. Эр хүн гэр бүлээ тэжээх ёстой, эмэгтэй нь гэрийн дотоод асуудлыг бүрэн хариуцах учиртай гэх уламжлалт, хатуу ойлголттой Өмнөд Солонгост ч сүүлийн жилүүдэд асар том өөрчлөлт гарч буй. Тус улсын Засгийн газраас шинээр хүүхэдтэй болсон аавуудад эхний саруудад цалинтай чөлөө өгөх эрх зүйн боломж бүрдүүлсэн нь аавуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх томоохон хөшүүрэг болсон байна.
Манай улсад эр хүнийг өрхийн тэргүүн гэж үзэн, хүндэтгэдэг бол бүсгүйчүүдийг гэрийн хүн, тогооны хүн гэж хардаг уламжлалт хандлага бий. Дуу, уран бүтээлүүдэд ч энэ үг хэллэг, тус ойлголт нэвт шингээстэй байдаг. Харин дэлхийн жишгээр сүүлийн жилүүдэд гэр бүл дэх үүрэг хариуцлагын хуваарилалт хувьсах шинжтэй байна. Хэдийгээр хэчнээн өрхийн хэдэн эр ажил, орлогоосоо татгалзаж, ар гэр, үр хүүхдэдээ бүтэн цаг, заваа зарцуулж байгаа талаарх албан тоо, мэдээлэл ховор ч гэрийн ажил, хүүхдийн хүмүүжилд аавуудын оролцоо нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт” сэдэвт судалгаа хийжээ. Ийн өнөөгийн гэр бүлүүдийн хөдөлмөр, эрх үүргийн хуваарилалтыг төнхөхөд судалгаанд оролцсон хоёр гэр бүл тутмын нэгэнд нь эрэгтэй болон эмэгтэй хүмүүс гэр бүлээ тэжээн тэтгэх үүргийг хамтдаа гүйцэтгэж байжээ. Харин гэрийн ажлыг хүйсээр ялгалгүйгээр хэн боломжтой нь хийх хэрэгтэй гэж оролцогчдын дийлэнх буюу 84 хувь нь үзсэн байна. Хүүхдээ өсгөх тал дээр мөн л ижил оролцоог эрхэмлэдэг болжээ. Ялангуяа, залуу эрчүүдийн хувьд эхнэр, хүүхэд, ар гэртээ цаг заваа зориулах хандлага давамгай байна. Тодруулбал, 18- 34 насны эрчүүдийн 41 хувь нь ямар ч үед хүүхдэдээ цаг гаргадаг гэдгээ илэрхийлсэн бол 35-49 насныхны 31 хувь, 50-иас дээш настай эрчүүдийн 28 хувь нь хүүхдэдээ тогтмол цаг гаргадаг гэжээ.
Гэр бүлийн гишүүддээ ёс заншил, уламжлалыг зааж сургах, хүүхэд хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүдийнхээ боловсролд анхаарал тавих үүргүүдийг голчлон эхнэр, нөхрүүд хамтдаа гүйцэтгэж байна. Гэхдээ эмэгтэйчүүд илүү өндөр оролцоотой байна.
“Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт” судалгаанаас
Хүүхэд асрах ажилд эрэгтэйчүүд ханцуй шамлан шамдаж эхэлсэнд олон шалтгаан бий. Нийгэм судлаачдын үзэж байгаагаар аавуудын гэр доторх оролцоо нэмэгдсэнд цар тахал, хөл хорио тодорхой нөлөө үзүүлсэн байна. Нөгөөтэйгүүр, дэлхий даяар эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр гэх агуулга сөхөгдөж, хүүхэд өсгөх, төрүүлэх нь зөвхөн энэ хүйсийн үүрэг биш гэх уриалга эрчээ авсан. Үүний улмаас эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэхийг мэрийж, эрчүүд ч тэр боломжийг эхнэртээ олгож эхэлсэн байна. Өөр нэг чухал шалтгаан нь, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадамж юм. “Pew Research”- ийн судалгаанд аавууд гэртээ хүүхдээ харж байгаа үндсэн шалтгааныг нэрлэсэн байдаг. Тэргүүнд нь, эхнэр нь өндөр орлоготой, өсөлттэй карьертай байгаагийн улмаас гэр бүлээрээ зөвшилцөөд, ажил үүргээ хуваарилж байгаа тохиолдол эгнэсэн байна.
Мөн өмнө өгүүлсэнчлэн хүүхдийнхээ нандин мөчийг өөрөө харж, мэдэрч өсгөхийг хүсдэг аавууд ч харьцангуй элбэг болсон нь мөн нөлөөлжээ. Түүнчлэн хүүхдийн хүмүүжил, хөгжил, төлөвшилд аавуудын оролцоо нэн чухал гэдгийг ч нийгэм нийтээрээ ойлгож эхлэв.
Хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх чухал үүрэг хоёр хүйсийн асуудал болж, эцгийн оролцоо нэмэгдэж байгаа нь сайн мэдээ. Гэхдээ үүний цаана далд эрсдэл ч бий. Эрэгтэй хүний хувьд хүүхдээ харж, нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж, өөрийн өсөж, хөгжих боломжоо хязгаарлана гэдэг амаргүй даваа. Мөн гэртээ хүүхдээ хардаг аавуудад сэтгэл зүйн олон асуудал бий болдог байна. Харамсалтай нь, дэлхийн ихэнх оронд хүүхэд хардаг ээжүүдийн сэтгэл зүй, нийгмийн харилцааг анхаардаг ч аавуудынхыг орхигдуулсаар байгаа юм. Монголд нөхцөл бүр ч хүнд.
Эхнэр маань уурхайд гадаад харилцааны мэргэжилтэн хийдэг. 14 хоног ажиллаад, 14 хоног амарна. Эхнэрээ уурхай явсан үед нь би хүүхдээ хардаг. Тиймээс цагт баригдсан ажил хийх боломжгүй. Эхнэрээ амарсан үед нь таксинд явдаг. Эрэгтэй хүн гэртээ хүүхдээ харах амаргүй. Эмээ, өвөөд нь үлдээгээд гараад явчихмаар үе олон байдаг. Ханиад, томуу хүрсэн үед бүр ч хэцүү. Тэглээ гээд гоншигнох эрхгүй. Хамгийн хэцүү нь нийгмээс ирэх хандлага. Хүүхдээ харж байгаа гэхээр ойр тойрныхон хүртэл эхнэрийнхээ халаасанд орчихсон, эмэгтэй хүнээр тэжээлгэж амьдардаг гэж ханддаг. Үнэн хэрэгтээ эн тэнцүү л амьдралаа авч, ачааллаа үүрч байгаа. Харамсалтай нь, Монголд эрэгтэй нь ажиллаад, эмэгтэй нь гэртээ суухгүй бол нөхрийг нь арчаагүй гэж хардаг.
Эх сурвалжийн хүсэлтээр нэрийг нь нууцлав
Энд өгүүлсэнчлэн хүүхдээ хардаг аавуудыг эдийн засгийн чадамж, нийгмийн статусаар нь дор үзэх хандлага нийтлэг. Эхнэрийнхээ ачааллаас хөнгөлж, гэр бүлдээ цаг гаргаж байгаа аавуудыг зарим улс орон төр засаг нь бодлогоор дэмжиж, ард иргэд нь ч үлгэрлэж шагшдаг бол манайд эсрэгээрээ. Эднээс манай нийгэм хүн хүйсээсээ үл хамааран гэр бүлийн харилцаанд оролцох учиртай гэх чухал өөрчлөлтийг бүрэн хүлээн зөвшөөрөхөд хараахан бэлэн биш байгаа нь харагдаж байна. Хүүхдээ өсгөж буй аавуудыг өрөөсгөл ойлголт, буруутгах хандлага давамгай байгаа нь гэр бүлийн харилцаанд сөрөг үр дагавар бий болгоод зогсохгүй салалтад хүргэх ч эрсдэлтэй юм. Үнэн хэрэгтээ, хүүхэд өсгөх, гэр бүлээ авч явах үүрэг нь нэг хүйсийн бус, хамтын хариуцлага юм.